Шууд Chart

Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй гэж үзэв

2021-01-11 15:05:13

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.01.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

- Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

- Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

- Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

- Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна. Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ. Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзэж хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарах юм байна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.


Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй гэж үзэв  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй