Шууд Chart

Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд газар хөдлөлт боллоо

2021-01-12 08:25:17

Өнөө өглөө Улаанбаатарын цагаар 05:35 цагийн орчимд  Хөвсгөл аймгийн Ханх сумийн төвөөс өмнө зүгт 36 км-т 6.7 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэхүү газар хөдлөлтийн төв нь 20 км-ийн гүнд байсан талаар Европын сейсмологийн төв EMSC мэдээллээ.



Тус газар хөдлөлтийн чичиргээ нь Улаанбаатар болон Эрдэнэт, Дарханд мэдрэгджээ. Газар хөдлөлтийн улмаас гарсан хохирлын талаар мэдээлэл одоогоор байхгүй байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газраас удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө мэдэгдлээ.

Энэ хооронд бид та бүхэнд газар хөдлөлт хэмээх байгалийн гамшигт үзэгдлийн талаар товч мэдээллийг хүргэе. Дэлхийн тектоник хөдөлгөөний улмаас царцдас мандалд хуримтлагдсан хүчдэл огцом чөлөөлөгдөхөд уян харимхайн долгион тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг байна.

Газар хөдлөлтийг гарал үүслийн хувьд тектоникийн, галт уулын, нуралтын ба тэсэлгээний гэж ангилан хуваан үздэг аж.

Газар яагаад хөдөлдөг вэ?

Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг.

Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг байна.

Дэлхийн дотоод бүтэц

Манай цэнхэр гараг нь 4,5 тэрбум орчим жилийн тэртээ үүссэн гэж эрдэмтэд үздэг. Дэлхий хоёр туйлаасаа ялимгүй шахагдсан бөмбөлөг хэлбэртэй бөгөөд царцдас мандал, цаваг мандал ба цөм гэсэн үндсэн 3 үе давхаргаас тогтоно. Дэлхийн нягт ба дотоод дулаан нь дэлхийн төв рүү гээ ихэсдэг.

Цаваг мандал: Дэлхийн царцдас мандлын доор төмөр, магни болон кальциар баялаг, хагас хайлмаг төлөвтэй давхарга орших бөгөөд үүнийг цаваг мандал гэж нэрлэдэг. Тус давхарга нь дэлхийн төв рүү 2900 км хүртэл үргэлжилдэг бөгөөд дээд, доод гэсэн хоёр давхаргаас тогтоно. Цаваг мандал нь дэлхийн эзлэхүүний 84 хувь, массын 64 хувийг эзлэх буюу нягт нь 6.0 г/см.куб, дотоод дулаан нь 2000 оС хүрдэг.

Царцдас мандал: Дэлхийн гадна давхаргыг царцдас мандал гэдэг бөгөөд манти болон цөмтэй харьцуулахад маш хатуу, нимгэн давхарга юм. Энэ давхарга нь дэлхийн эзлэхүүний 1 хувийг эзэлдэг бөгөөд далайн доор ойролцоогоор 5-10 км, эх газарт дунджаар 35-100 км зузаантай байдаг. Уг давхаргын нягт нь дунджаар 2.7 г/см.куб, дотоод дулаан нь 500 оС хүрдэг байна.

Цөм: Дэлхийн төвд 3500 км-ийн радиустай, төмөрлөг ихтэй бодисоос бүрдсэн нягт хэсэг орших бөгөөд үүнийг цөм гэж нэрлэнэ. Цөмийн нягт 12.5 г/см.куб, дотоод дулаан нь 3000 оС хүрдэг бөгөөд гадаад дотоод гэсэн хоёр хэсгээс тогтдог.

Дэлхийн гадаргуу нь үүссэн цагаасаа хойш гадна, дотнын хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга хувирч өөрчлөгдсөөр иржээ. Эдгээр хувьсал нь янз бүрийн шалтгаантай ба нэг хэсэг нь эвдрэн мөхөж байхад нөгөө хэсэг нь шинээр сэргээгдэн буй болдог. Өөрөөр хэлбэл дэлхий царцдас мандал нь мөнхийн хөдөлгөөнд оршдог.


Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд газар хөдлөлт боллоо  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй