Шууд Chart

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн нээлт боллоо

2021-01-12 15:40:30

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг”  төслийн цахим нээлт өнөөдөр  /2021.01.12/ боллоо.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг нар хамтын ажиллагаа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  
Арга хэмжээг нээж, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ  “ Монгол Улсын  Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуур салбар гэж тодорхойлж, аж үйлдвэржүүлэх, экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлогыг дэмжин  техник туслалцаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад талархаж байна” гэсэн юм.

“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах,  хөдөө аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэхэд гол анхаарлаа  хандуулна.  Уг төсөл нь 1.3 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд хоёр жилийн хугацаатай хэрэгжинэ.  

Төслийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуйн салбарын чадавхийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежмент, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих , байгальд ээлтэй хариуцлагатай мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Түүнчлэн малын халдварт өвчнийг эрт илрүүлэх, хянах, тандан судлах чиглэлээр малын эмч, малчид болон бусад холбогдох мэргэжилтнүүдийг сургаж чадваржуулах, орон нутгийн мал эмнэлгийн тасгийн чадавхыг нэмэгдүүлэхэд төслийн зорилго чиглэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн нээлт боллоо  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй