Шууд Chart

Манай гарагийн нар

2021-01-13 09:14:10

Тэр бол хамгийн цуу дуулиант нэгэн бүлгээ.

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил

Намайг хэзээ ч, хаана ч гэсэн харж болно

БИ- байна,

БИ- байхгүй!...

Нэгэн удаагийн “Болор цом” дээр Б.Галсансүх эл шүлгээ мялаалга болгон уншихад наадмыг хөтөлж асан П.Бадарч найрагч: “Хөөе, Галсансүх ээ! Ингэхэд чи байгаа юм уу, байхгүй юм уу?” хэмээн хошигносон удаатай. Магадгүй, Ф.Ницще: “БУРХАН ҮХСЭН!” гэж чанга дуугаар хэлсэн тэр өдрөөс хойш ТҮҮНИЙ амьд байгааг бусдаас түрүүлж мэдсэн төдийгүй, чанга дуугаар хэлэхийг нь сонсож, тэр бүү хэл, ТҮҮН-д чин сэтгэлийн зөвөлгөө хүртэл өгч амжсан энэ хачин этгээдийн байгаа эсэхийг чухамдаа БУРХАН л мэдэх байх. Түүний 1991 онд бичсэн “Алтан намар, мөнгөн сар, хүрэл үүлс...” хэмээх дүрслэлийг судлаач С.Энхбаяр: “1921 онд бид ...алтан намар, мөнгөн сар, номин үүлс... гэж бичиж байсан, 2021 онд ...алтан намар, модон сар, хүрэл үүлс... гэж бичих болно, дахин нэг 100 жилийн дараа ч юм уу, бид ...цаасан намар, модон сар, хүрэл үүлс... гэж бичих биз ээ” хэмээн дүгнэсэн байдаг. Тэгвэл та бид өнөөдөр судлаачийн хэлсэнчлэн: “...алтан намар, модон сар, хүрэл үүлс...” гэж бичих тэр онтойгоо золгож байна. Харин ...цаасан намар, модон сар, хүрэл үүлс... гэж бичихэд дахиад 100 жил үлджээ. Мөн Б.Бадрал түүний тухай: “Цогц шүлэг бичсэн найрагчийг л судалж болно. Б.Галсансүх энэ шаардлагыг хангасандаа Монголын утга зохиолын үзэгдэл мөн” хэмээж, Ж.Нэргүй “Модернизмын архитекторч” хэмээн цоллож, Д.Төрмөнх “...галзуу фантази Галсансүхээс л гарна” хэмээн нотолж, Г.Бадамсамбуу: “Тэр дахин эхэлнэ...” хэмээн тунхаглаж, Г.Аюурзана: “...1,2,3,4,5,6,7. Энд лав л арвандолоон Галсансүх байна” хэмээн хачирхаж, Хон Хэрээдийн Б.Энхбат: “Бусдыг нь цаг хугацаа мэдтүгэй!” хэмээн дуу алдаж, Д.Галбаатар “Шүлэгчээс яруу найрагч...” болсонд талархаж, Г.Бямбажав: “...Галсансүх нийгэмд нүүрлээд буй ёс суртахууны уналт хямралыг... олон өнцгөөс нь харж хэлсэн ч, тэрээр амьдралд хайртай, амьдралын мөн чанарыг ойлгодог, сайн сайхныг магтан дуулагч...” гэдгийг зөвшөөрч, П.Батхуяг түүнийг О.Дашбалбарын үргэлжлэл болгон зарлаж, Г.Ням-Очир: “Хүүхдээрээ байж, сэтгэж, тууривна гэдэг шинэчлэл юм” хэмээн өхөөрдөж байв. Тэгэхээр, энэ олон Галсансүхүүдийн хэн нь жинхэнэ ГАЛСАНСҮХ нь вэ?

Б.Галсансүх 1990-ээд оны эхэн үеэс л бужигнуулж, яруу найрагч Л.Өлзийтөгс түүнийг бүр ТУГ болгосон гээч. ТУГ гэдэг үргэлж шинэ байх ёстой, бас байнга солигдож, шинэчлэгдэж байхгүй бол дорхноо салхинд идэгдэж орхидог эд. Тиймээс тэр цаг үргэлж өөрийгөө шинэчлэхийн төлөө өөртэйгээ болон бусадтай тэмцэлдэж ирсэн юм. Тэрбайтугай, хувийн зардлаар Горькийн сургууль хүртэл бараадаж үзсэн гээч. Ирээд “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Постмодерн дөрвөн улирал” гэсэн хоёр ном зэрэг хэвлүүлсэн нь бас л шуугиулаад авсан гэж байгаа. Шилдэг бүтээлийн “Алтан өд” шагналыг яруу найргийн төрөлд хоёр ч удаа хүртсэн түүний яруу найргийн этгээд хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр давтагдашгүй өвөрмөгц ХУВЬ ЕРТӨНЦ-ийн задаргаа юм. Чухам тиймдээ л үнэ цэнэтэй.

Чи зохиосон хөгжим бүхэнд

О ля ля гэсэн аяз байх ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн.

О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна

Чи тамхины хайрцаг бүхэн дээр

Хортой гэсэн үг байх ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн.

Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна

Чи уух архины шил болгон дээр

Чанартай гэсэн тэмдэг тавь гэж

Чанга дуугаар хэлсэн

Чанартай гэсэн архийг хүмүүс шил, шилээр нь ууж байна

Чиний хэлсэн бүхнийг чинь

БУРХАН гуай, бид бүгдийг биелүүлдэг

Чамд хэлэх нэг зөвөлгөө байна: -ЧИ БИТГИЙ ХУЦ!

Гэхдээ “ХҮН СУДЛАЛ” нэрт яруу найргийн анхны түүврийнхээ хавтсан дээр архины хоосон лонхоор ичимдэг эрхтнээ хаасан чармай нүцгэн зургаа тавьж шуугиулсан Б.Галсансүх эл шүлгээ “Болор цом” наадамд уншихдаа: “ЧИ БИТГИЙ ДАВАР!” гэж уншсан нь түүний хэр нийгэмшиж, бас хүмүүжсэнийг илтгэнэ. Гэлээ ч гэсэн Галсансүх бол ГАЛСАНСҮХ. Номондоо: ЧИ БИТГИЙ ХУЦ!” гээд л оруулчихаж байгаа юм. Тэглээ гээд түүнийг хэн ч буруутгаж чадахгүй. Яагаад гэхээр түүнээс өөр БУРХАН-д зөвлөдөг хүн одоогоор алга байна. Түүнийг нь мэдсэн мэт Б.Галсансүхийг нэрт яруу найрагч Н.Нямдорж, Л.Нямаа нар өөрийн гараар залж, нэр нь ид мандаж ахуйд О.Дашбалбар найрагч гэртээ аваачаад: “Надтай архи уухгүй юм бол чи яаж Иосиф Бродскийтэй уух юм?” хэмээн архиар шахаж, Б.Лхагвасүрэн найрагч нэг удаа Дарханд ирээд байхдаа Г.Аюурзана, Б.Галсансүх хоёрын хэн нь түрүүлж Төрийн шагнал авах тухай маргаан дэгдэхэд (юунаас тийм маргаан дэгдсэнийг санахгүй байна, гэхдээ лав тэнд И.Цэрэнжамц ах байсан) шууд л Б.Галсансүхийг дэмжиж байв. Түүний тухай бодох бүр надад “Найргийн даага” наадмын тайзан дээр “Миний Өндөрхаан-Миний Шарльвиль...”, “Бөмбөгдөгч онгоц мэт үүлсийн доор Бяцхан хот хуучин шүхэр мэт...” хэмээн үл мэдэг сөөнгөдүүхэн хоолойгоор өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй, бардамхан уншиж асан залуу хөвгүүний дүр буудаг юм.

Миний мэндэлсэн шөнө

Манай гаригийн гоо сайхан шөнийн оргил шөнө

Мэндлэх шөнө минь нэгэн хүн

Манай гаригийн нар гарлаа гэж зүүдэлжээ

Эл шүлгээ тэрбээр 1990 оны 01-р сарын 01-нд бичжээ. Гэтэл би түүнээс 30 жилийн дараа, 2021 оны 01-р сарын 01-ний үүрийн таван жингээр түүний тухай бичиж суугаагаа мэдээд, өөрийгөө гэнэтхэн гайхав. ЯРУУ НАЙРГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨХ ЗУУН ЖИЛИЙН ДАЙН. Чухам Б.Галсансүх л ганцаар анх ингэж сүржигнэсэн агаад тэр нь үр дүнгээ даруй өгч, утга зохиол судлаач С.Энхбаяраас “МОДЕРНИСТ ФРОНТ КОМАНДЛАГЧ” хэмээх цол авсан билээ. Тийнхүү, түүхэндээ гуравхан маршалтай Монголын яруу алдарт армийн сүр хүчнээс яруу найрагчид хоромхон зуур даван гарч, шууд л нэг ГЕНЕРАЛИССИМУС-тай болсон түүхтэй. Харамсалтай нь, Б.Галсансүх эл фронт дээрээ өөрөө командлагч нь ч, байлдагч нь ч байсан гэвэл нэг их дэгс болохгүй. Заримдаа би түүнийг ухаан суугаагүй балчир хүүхдийн тархитай байх гэж боддог юм. Тиймээс тэр дандаа үймүүлж явдаг. Тэгж үймүүлэх нь гэнэн. Зарим үед бүр хорлонтой ч гэмээр. Б.Галсансүх бид хоёр тааралдах нь ховор ч хааяа уулзахаараа тэр надад хамаг байдгаа нэг амьсгаагаар ярьж орхих шиг санагддаг. Бусдад ч гэсэн тэр мөн тэгдэг байх. “Болор цом-30” наадмыг би тодхон санаж байна. Тэгэхэд намайг шүлгээ уншихаар очоод байтал тайзны ард Галсаа над руу хүрээд ирэв. Тэгээд энэ тэр гэж хэсэг болсноо: “Чи намайг “Болор цом”-д орж байгаа гэж мэдсэн үү?” гэж их л нухацтай асуув. Товч хэлэхэд, өөрийнх нь “Болор цом”-д орж буй явдал цаанаа хэр их дуулиан дэгдээж буйг тандаж байгаа нь тэр. Чингээд “Болор цом”-ын эзэн тэрбээр тэр “Болор цом”-д 5-р байранд орсон атлаа түүндээ сэтгэл ханан баясаж, Л.Нямаа багш руугаа утасдаж хэлсэн гэдэг. Аливаа юман дээр тэр хэний ч талд орж мэднэ. Мөн түүнээсээ хэдхэн цагийн дараа урваж мэднэ. Яагаад гэхээр, хүүхэд шүү дээ!!! Тиймээс тэр тоглож байгаа юм. Амьдралын улиглал, хүмүүсийн элийрлээр тохуурхаж байгаа юм. Түүнээс зөвөлгөө авсан БУРХАН нь түүнд анхнаасаа тийм эрхийг өгчээ. Тэгэхээр, хэн хүнд олддоггүй тэр ховорхон эрхийг бүрэн дүүрэн эдлэх нь зөв. Басхүү сүүлийн үед байгаа, эсэх нь мэдэгдэхгүй, тун чимээгүй, нууцлаг байгаа эл хачин этгээд хэзээ, хаанаас гэнэтхэн гарч ирээд, хавийн амьтан цочтол үймүүлж, хараал, ерөөл хоёрын алинд ч оногдохгүй тэсрэхийг гагцхүү БУРХАН л мэдэж таарах болов уу.

Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд

бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод

Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар

10 тэрбум жил ганцаардаад

Шоргоолж юм уу, өтний өвөг

сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр

зургаан тэрбум жил наслахад

Шугуйн жимсийг зах дээр надад

10 мянган жилийн өмнө худалдаж байлаа...

Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ

М.Уянсүх

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай гарагийн нар  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй