Шууд Chart

Цар тахлын үеэр иргэдийн хувийн нууцыг хамгаалахгүй байна

2021-01-14 09:41:13

Монголчууд цар тахлын аюулыг хамтдаа давж гарахын тулд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр бүрийг ягштал биелүүлж, шаардсан болгонд нь өөрийн овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн мэдээллүүдээ өгч байна.

Дээрээс нь хаашаа явж, хэнтэй уулзсанаа E-Barimt.mn сайтаар дамжуулан хянуулж эхэлсэн. Иргэдийн мэдээллийг ийнхүү дур мэдэн авч байгаа ч хуулийн зохицуулалт байхгүй. Хэдийгээр олон нийт цар тахлын аюулыг даван гарахын тулд өөрийн хувийн нууцтай холбогдох мэдээллээ цааргалалгүй өгч байгаа ч, тухайн мэдээллийг цаашид хэн хэрхэн, яаж хамгаалах тухай хууль, дүрэм журам манай улсад алга.

Харин ийм нөхцөл байдлаас шалтгаалан тухайн хувь хүнд тулгарч болзошгүй эрсдэл, шийдвэрлэх арга замын талаар “Хувь өгөгдлийн ашиглалт ба мэдээллийн аюулгүй байдал” цахим уулзалтыг Тогтвортой хөгжил, Түншлэлийн Амгалан дэлхий” төрийн бус байгууллагаас зохион байгууллаа. Энэ цахим уулзалтад Япон улсаас оролцсон Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн М.Отгонпүрэв цар тахлын үед иргэдээс авсан мэдээллийг төр засаг болон хувийн байгууллага буруугаар ашиглах боломтой гэдгийг онцоллоо. Тухайлбал, хууль шүүхийн байгууллагаас хэн нэгнийг хувийн мэдээлэлд нь үндэслэн хэлмэгдүүлэх, эсвэл хийсэн үйлдэл, уулзсан хүмүүстэй нь холбогдуулж нэр хүндийг нь унагах, элдэв төрлийн дарамт учруулах аюултай. Мөн хувийн мэдээллийг улс төрийн зорилгоор ашиглаж, сонгуулийн үеэр нөлөөллийн ажил хийхдээ ашиглаж болно. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар л гэхэд хувь хүмүүсийн регистрийн дугаар цуглуулсан тухай мэдээлэл гарч байсан. Магадгүй ийм байдлаар ашиглахыг үгүйсгэх аргагүй. Харин хувийн байгууллагын тухайд дата өгөгдөл, мэдээллийг өөрийн бизнесийн давуу тал болгож ашиглахаас гадна тухайн хүнийг ялгаварлан гадуурхах эрсдэлтэй гэлээ.  Жишээ нь иргэдийн шинжилгээний хариуг цахимаар хүргэдэг 119.mn сайт л гэхэд хувийн компанийх. Энэ компанид иргэдийн эрүүл мэндийн нууцтай холбоотой дата өгөгдөл үүсч байна гэсэн үг. Тэгвэл тухайн компани иргэдийн нууцыг хэрхэн хадгалах вэ? Магадгүй цаашид энэ мэдээлэл алдагдах, хэн нэгэн өөр зорилгоор ашиглахгүй гэх баталгаа байна уу? гэсэн асуулт гарч байна. Улсын онцгой комиссоос Интерактив ХХК тус сайтыг үнэ төлбөргүй хийж өгсөн тухай мэдээлсэн ч, тухайн компанитай иргэдийн хувийн нууцыг  хамгаалах талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийсэн эсэх нь тодорхойгүй, дээрээс нь хувийн мэдээллийн тухай хууль эрхзүйн орчин байхгүй байна гэдгийг цахим уулзалтад оролцсон мэргэжилтнүүд анхааруулж байлаа.

Тус уулзалтад оролцож “Хувийн өгөгдлийн ашиглалт – эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьсан хуульч, судлаач Л.Галбаатарын хэлснээр иргэдийг QR код заавал уншуул гэж шаардаж байгаа нь хүртэл хуульд нийцэхгүй гэлээ. QR код заавал уншуулах тухай Улсын онцгой комиссоос чиглэл өгсөн ч энэ нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт биш. Иймээс иргэдийг мөрдөн мөшгих байдлаар тодорхой үйлдэл хийхийг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж тайлбарлалаа. Хуульчийн хэлснээр QR код уншуулах нь цар тахлыг хамтдаа даван гарахад ашиг тустай ч гэлээ дараа нь тухайн хувь хүний мэдээллийг хэн нэгэн өөр зорилгоор ашиглах, задруулах аюултай гэдгийг анхааруулсан юм. Тодруулбал, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хэн хянадаг, цаашид энэ мэдээллийг ямар хугацаагаар, яаж ашиглах нь тодорхойгүй байна. Магадгүй жилийн дараа хэн нэг иргэний хувийн мэдээлэл задарч түүнээс болж аюул хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ? Энэ мэдээллийг зөвхөн бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалахад ашиглаж байна уу, эсвэл хэн нэгэн төрийн алба хаагч мэдээллийг дураараа харж байгаа юм биш биз гэх зэрэг олон асуудал байна. Тийм учраас л өгөгдлийг хамгаалах хууль батлах, мэдээллийн нууцлалыг бүрэн хангах шийдэл нэвтрүүлэх хэрэгтэй байна гэлээ. Иймээс цар тахлын үед иргэдээс мэдээлэл авахдаа хувийн мэдээллийг хэн авах, хаана хадгалах, алдагдвал хэн хариуцлага хүлээх зэргээр дүрэм журмаа тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Мөн цуглуулсан мэдээллээ хэрхэн, юунд ашиглах нь тодорхой, ил тод нээлттэй байх ёстойг анхааруулж байна. Үгүй бол мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед хувь хүний мэдээллийг хэн, ямар ч зорилгоор ашиглах аюул, эрсдэлтэй гэлээ.

Мөн энэ цахим уулзалтын үеэр цахим орчинд иргэдийн хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар Монголын Эмнести Интернэйшнл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “Хувийн өгөгдлийн ашиглалт-хүний эрхийн асуудалд” сэдвээр мэдээлэл хийлээ. Эмнести Интернэйшнл байгууллагаас WhatsApp, Google, Snapchat зэрэг дэлхийн томоохон технологийн компаниудад судалгаа хийж үзэхэд хэрэлэгчийн хувийн мэдээллийг найдвартай хамгаалж чадах нэг ч компани байгаагүй байна. Бидний хамгийн найдвартай гэж үздэг Viber гэхэд хувь хүний нууцлал 47 хувийн эрсдэлтэй гэж гарсан байна. Үүнээс гадна технологийн компаниуд Засгийн газартайгаа нууц тохиролцоонд орж, иргэдийн мэдээллийг наймаалцах тохиолдол ч гарч байна гэлээ.

Ингэснээр олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болдог иргэний нийгмийн байгууллага, хүний эрх хамгаалагчид, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хувийн нууц алдагдах аюултай. Тэр тусмаа манайх шиг хууль эрхзүйн орчин бүрдээгүй нөхцөлд хувийн мэдээллээ ямар нэгэн технологийн компанид өгөх нь аюул эрсдэл дагуулах тул хууль, дүрэм журмаа тодорхой болгох хэрэгтэй гэдгийг судлаачид анхааруулж байна.

Г.Батзаяа

 

 


Цар тахлын үеэр иргэдийн хувийн нууцыг хамгаалахгүй байна  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй