Шууд Chart

Умард Солонгос цөмийн зэвсэгжилтээ сайжруулахад онцгой анхаарал хандуулна

2021-01-14 10:03:53

Умард Солонгосын  засгийн эрхийг баригч Хөдөлмөрийн Намын чуулган 8 өдөр үргэлжилж, мягмар гарагт хаалтаа хийсэн байна. Чуулганы үеэр Умард Солонгос цөмийн зэвсгийн хүчин чадавхаа сайжруулж, улам боловсронгуй болгоход  онцгой анхаарал хандуулах ёстой гэдгийг удирдагч Ким Жон Ун онцолсон байна. 

Ардчилсан Солонгосын Хөдөлмөрийн намын чуулган энэ сарын 5-нд эхэлж, өчигдөр хаалтаа хийлээ. Чуулганы хаалтын хуралдааны үеэр удирдагч Ким Жон Ун хуралд оролцогчид төдийгүй ард түмэндээ хандан үг хэлсэн байна. Тэрээр Умард Солонгос  армийн хүчин чадавхийг боломжит, хамгийн дээд түвшинд хүргэх ёстой гэдгийг цохон тэмдэглэсэн байна.  Ким Жон Ун цөмийн зэвсэгжилтээ сайжруулахын төлөө бүхий л бололцоо, чадавхаа дайчлахыг Умард Солонгосчуудад уриаллаа.

Мөн тэрээр төрөөс эдийн засгийн салбарт тавих хяналтыг  чангатгах,  ирэх 5 жилийн хугацаанд химийн болон метал үйлдвэрлэлийн салбарыг хөгжилд анхаарах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх нь чухал байгааг онцолсон байна. Энэ удаагийн чуулганы үеэр өрнөсөн өөр нэгэн онцлох үйл явдал нь  удирдагч Ким Жон Ун Хөдөлмөрийн намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар сонгогдсон явдал юм. Ингэснээр тэрээр хязгааргүй эрх мэдэлтэй болж буйг зарим олон улсын хэвлэлд  онцолжээ.

Ким Жон Ун Умард Солонгосыг удирдаж эхэлснээс хойш 9 жилийн хугацаа өнгөрөөд байна. Түүний дэглэм хамгийн хүнд бэрх цаг үетэй тулгараад байгааг мөн зарим хэвлэлд онцолсон байна. Цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотойгоор АНУ Ардчилсан Солонгосын эсрэг эдийн засгийн хориг тавиад удаж байгаа юм. Энэ нь тус улсын эдийн засагт хүндхэн цохилт болоод байгаагаас гадна өнгөрсөн зун Умардын Солонгосын тариаланчид  хар салхи, үерийн улмаас ургац алдахад хүрчээ.

Ташрамд дуулгахад, Дональд Трампын засаг захиргааны үед Умард Солонгос, АНУ-ын таагүй харилцаа сайжрах төлөвтэй байсан юм. Харин  Жое Байден АНУ-ын ерөнхийлөгч болсоноор дээрх хоёр улсын харилцаанд  өөрчлөлт орох нь тодорхой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос цөмийн зэвсэгжилтээ сайжруулахад онцгой анхаарал хандуулна  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй