Шууд Chart

Европын зарим оронд хорио цээрийн дэглэмээ улам чангатгаж байна

2021-01-15 16:12:56

Германд өнгөрсөн хоногт халдварын  батлагдсан  нийт  тохиолдлын  тоо 2 саяыг даваад  байна. Тус улсад  өнгөрсөн 24  цагийн хугацаанд нийт  22 мянга гаруйгаар нэмэгдсэн нь  өмнөх өдрийнхөөс даруй 6 мянгаар өссөн байна.  

Германы  эрх баригчид хүн амынх нь  дунд шинэ коронавирусний халдвар ийнхүү ихээр тархаж байгаатай холбоотойгоор хорио цээрийн дэглэмээ улам чангатгах тухай хэлэлцэж байна.  Тодруулбал ирэх 31-ны өдөр хүртэл нийтийн тээврийн хөдөлгөөнийг  бүрэн  зогсоох  хувилбарыг  хэлэлцэж  байна.

Францад мөн нийтийн тээврийн хөдөлгөөн  хэвийн үргэлжилж, дэлгүүрүүд  нээлттэй байгаа  ч халдвар хамгааллыг  чангатгахын тулд  хөл хорионы  цагийг уртасгаад  байна. Тодруулбал  хөл  хорионы  цаг өмнө нь  20 цагаас эхэлдэг байсан бол өчигдрөөс онцын шаардлагагүй бол иргэдийг 18-аас эхлэн орон гэрээсээ  гарахыг нь хориглосон байна.  Хөл хорионы  цагийг  уртасгасан  энэ  арга хэмжээг  ирэх  2  долоо хоногийн туршид  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Францад өнгөрсөн 24  цагт халдварын  батлагдсан тохиолдол 21 мянга гаруйгаар нас  баралт 282-оор нэмэгдсэн  байна.  Энэ  хооронд Испанийн АндалусииМурси, Кастилии и Леон  зэрэг  автономит бүс нутгийн эрх баригчид  төв засгийн газартаа хандаж орон нутгийн  иргэдээ гэрт нь  тусгаарлах шийдвэр  гаргах эрх олгохыг  хүссэн байна. Шведэд харин шинэ коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо 10 мянгыг давлаа. Түүнчлэн халдвар авсан  хүний  тоо  хагас  саяд  хүрсэн  байна. Гэсэн ч  тус улсын эрх баригчид  хорио  цээрийн хатуу дэглэм хэрэгжүүлэхээс зайлсхийсэн  хэвээр  байна. үүний оронд иргэддээ олон нийтийн тээврийн  хэрэгсэлд амны  хаалт  зүүх, олноороо  цугларахгүй байхыг зөвлөмж  болгож  байна.

Их Британид шинэ коронавирусний мутацид орсон хувилбарын халдвараас сэргийлж  Өмнөд  Америкийн орнуудын  иргэдийг хилээр  нэвтрүүлэхийг  хориглосон  байна. Эдгээр орнуудын  жагсаалтад мутацид  орсон вирус илэрсэн  Бразил улсаас гадна Перу, Панама, Венесуэл, Португали улсууд багтаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ  Их Британид  өнөөдрөөс эхлэн шинэ коронавирусний эсрэг вакцинжуулалтын их аянд эмийн сангууд нэгдэж байгаа юм байна. Тодруулбал эмийн сангийнхан хүсэлт гаргасан хүмүүст Ковид-19 ийн эсрэг вакцины тунг тарьж  эхэлж байна. Их Британийн засгийн газар ирэх сар  гэхэд эрсдэлт бүлэгт багтаж байгаа нийт 15 сая иргэнээ вакцинжуулалтад  хамруулахыг  зорьж байгаа юм. Гэхдээ  одоогоор  тус улсын нийт 3,2 сая иргэн  вакцинд хамрагдаад  байна.                   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын зарим оронд хорио цээрийн дэглэмээ улам чангатгаж байна  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй