Шууд Chart

Улаанбаатар, Дорноговь, Өмнөговьд байгуулах “КОВИД-19” шинжилгээний PCR лабораторийн тоног төхөөрөмж ирж эхэллээ

2021-01-18 10:54:04

Улаанбаатар хот болон Дорноговь, Өмнөговь аймагт байгуулах гэж буй Шинээр байгуулагдаж буй ПГУ лабораториудын хамгийн гол хэрэгсэл болох ПГУ  машин, цөмийн хүчлийг цэвэрлэх систем, оношлуур, урвалын багц, сорьц авах төхөөрөмжүүд эхний ээлжинд Монголд ирээд байгаа нь энэ юм. Энэ дөрвөн лаборатори нь Улаанбаатар хотын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт байгуулагдана. Ингэснээр Монгол Улсын хүн амын төвлөрөл хамгийн их Улаанбаатар хот болон эдийн засаг, гадаад худалдаанд чухал ач холбогдолтой хилийн бүс нутагт “КОВИД-19”-ийн оношилгооны лабораторийн хүчин чадалд мэдэхүйц хувь нэмрээ оруулна.

Иж бүрэн лабораториудыг “Рио тинто Монгол” компанийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар “Оюу толгой компани” болон НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Урьдчилж мэдье, хүрч үйлчилье” уриатай “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд байгуулж байгаа аж. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын лаборатори оношилгооны чадавхыг нэмэгдүүлэхээс гадна анхан шатны эрүүл мэндийн ажилчдыг зайн харилцаа холбооны шаардлагатай хэрэгслүүдээр хангаж, сургаж, зорилтот бүлгийн хүн амд тусламж үйлчилгээ хүртээмжтэй хүргэх зорилготой билээ.

Төслийн хүрээнд ПГУ молекуляр биологийн лабораторийн үйл ажиллагааг био аюулгүйн байдлын шаардлагын дагуу зохион байгуулахад ашигладаг 17 нэр төрлийн төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээр хангах юм. Эдгээр ПГУ тоног төхөөрөмжийг “КОВИД-19”-ийн үед төдийгүй хавдрын эс тоолох, элэгний B, C вирус зэрэг бусад халдварт өвчний оношилгоо, илрүүлэгт өргөн ашиглах боломжтой. Харин үлдсэн тоног төхөөрөмж энэ  сард болон хоёрдугаар сарын дундуур бүрэн ирэх бөгөөд төхөөрөмжүүдэд хяналт шалтгалт хийж, лабораторийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсны дараа тус ПГУ лабораториудад “КОВИД-19”-ийн шинжилгээ хийж эхлэх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улаанбаатар, Дорноговь, Өмнөговьд байгуулах “КОВИД-19” шинжилгээний PCR лабораторийн тоног төхөөрөмж ирж эхэллээ  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй