
Европын улс орнуудад "Ковид 19"-ийн эсрэг хийж буй тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд вакцинжуулалтад онцгой анхаарч байна. Гэхдээ зарим улс орнууд Норвегид шинэ коронавирусний эсрэг вакцинаас болж 23 хүн нас барснаас болж Pfizer компанийн вакцины талаар нэмэлт мэдээлэл өгөхийг шаардаж байгаа аж.
Сербид Ерөнхийлөгч Вучич нисэх онгоцны буудалд очин Хятадын Sinofarm компанийн хөгжүүлсэн вакцины эхний ээлжийг хүлээн авсан байна. Бээжин Белградад нийт 1 сая тун вакцин илгээсэн байна. Ингэснээр тус улс эрсдэлтэй бүлэгт хамаардаг 500 мянган хүнийг вакцинжуулах боломж бүрдэж байгаа юм. Испанид “Pfizer/Biotech” компанийн хөгжүүлсэн вакцины 2 дахь тунг өчигдрөөс хийж эхэлсэн байна. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээгээр нийт 768 мянган иргэн вакцины эхний тунг хийлгэсэн байна. Мөн тус улсад Moderna компанийн вакциныг хийж эхэлжээ. Эрх баригчид энэ зун гэхэд 47 сая хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулна гэж тооцоолжээ.
Харин Итали 1 сая гаруй хүнээ вакцинд хамруулсан Европын анхны улс болоод байна. Өчигдрөөс Ром хотод вакцины 2 дахь тунг хийж эхэллээ. Гэхдээ тус улсын Ломбарди, Сицили, Больцано зэрэг мужуудад хорио цээрийн дэглэмээ цуцлаагүй байгаагаас гадна өөр 10 мужид халдвар хамгааллын түвшинг ахиулж шараас улбар шар түвшинд шилжүүлжээ.
Тэгвэл Австри улсад ирэх 2 дугаар сарын 7-ныг хүртэл хөл хориог сунгасан байна. Хүн амынх нь дунд халдвар ихээр тархсан хэвээр байгаа учир ийм арга хэмжээ авсны Ерөнхий сайд Себастьян Курц зарлаж иргэддээ хандаж тэвчээртэй байхыг уриалжээ.
Швейцарьт шинэ коронавирусний халдварын тархалтаас сэргийлэхийн тулд 6 мянга гаруй шинэ цэргийг цахимаар алба хаалгахаар шийдвэрлэжээ. Шинэ цэргүүд тусгай аппликэйшний тусламжтайгаар 6 сарын туршид өдөрт 6 цаг гэртээ дасгал сургууль хийх юм байна. Үүний дараа мөн цахимаар шалгалт өгч ирэх 2 дугаар сарын 8-наас үндсэн ангиуддаа алба хаах гэнэ.
Европын орнуудад вакцинжуулалтын ажлыг хурдасгаж байна | ||
Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055