Шууд Chart

БНАСАУ эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө баталжээ

2021-01-18 14:48:05

БНАСАУ Ардын дээд хурлын 14-р чуулганы ням гарагийн хуралдаанаараа 2021 оны улсын төсвөө баталж, удирдлагуудын халаа сэлгээ явууллаа. Мөн эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө баталжээ.

Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Ардын дээд хурлын депутатууд өнгөрсөн долоо хоногт Солонгосын хөдөлмөрийн намын 8-р их хурлын үеэр удирдагч Ким Жон Уны дэвшүүлсэн таван жилийн төлөвлөгөөг санал нэгтэйгээр дэмжсэн гэнэ. Ардын дээд хурлын хуралдааны үеэр Умард Солонгосын Ерөнхий сайд Ким Док Хун мэдэгдэхдээ өмнөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад ноцтой алдаа дутагдал гаргасан болохоор энэ удаагийн төлөвлөгөөгөө ямар ч нөхцөлгүйгээр биелүүлэх амаргүй даалгавар ирээд байна гэжээ.

Таван жилийн шинэ төлөвлөгөө нь “хий, эсвэл үх” гэсэн уриатай. Хэдийгээр коронавирусний цар тахал, АНУ-ын хориг гээд саад бэрхшээл ихтэй ч өөрсдийнхөө хүчинд тулгуурласан, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах зорилттой болохыг Умард Солонгосын Ерөнхий сайд онцолсон байна. Тухайлбал, металлург болон химийн аж үйлдвэрийн хөгжил, машин байгууламж, хөлөг онгоцны үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, загасчлалын хөгжилд онцгой анхаарч, Пехньян хотод 50 мянган гэр бүлийг орон сууцаар хангахаар төлөвлөжээ.

Парламентын хуралдааны үеэр сайд нарын танхимдаа халаа сэлгээ явуулсан байна. Ингэхдээ зургаан Шадар сайд, түүнчлэн Төлөвлөлтийн улсын хороо, Ерөнхий прокурорыг томилжээ.

БНАСАУ-ын шинэ төсвийн хэмжээ өнгөрсөн оныхоос 1.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс эрүүл мэндийн салбарын зардлаа 2.5 хувиар, боловсролын салбарын зардлаа 3.5 хувиар өсгөжээ. Харин батлан хамгаалахын зардал өмнөхтэй адил 15.9 хувийг эзэлж байна. Төлөвлөсөн зардлын хэмжээг зарлаагүй байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ эдийн засгийн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө баталжээ  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй