Шууд Chart

Дөрвөн аймгийн малчдад өвс, тэжээл хүргэлээ

2021-01-20 09:50:34

Энэ долоо хоногт Монголын радиогийн “Хурд” агентлаг өвөлжилтийн нөхцөл байдал сэдвийг онцолж байна. Засгийн газрын шийдвэрийн дагуу дөрвөн аймгийн малчдад өвс, тэжээл хүргэлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад зориулан 5 сая ам долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Одоогийн байдлаар 4 аймагт өвс, тэжээл хүргээд байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Батмөнхийн ярихыг сонсгоё.

Энэ ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн 10 сумын 4200 малчин өрхөд өгөх 300 тонн тэжээл хүргэгджээ. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтрах хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд энэ сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн зорилтот бүлгийн малчин өрхөд тэжээлийн тусламж үзүүлсэн байна. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ингэж ярилаа.

Мөн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Тарагт, Сант, Төгрөг зэрэг 10 сумын 200 гаруй өрхөд тэжээлийн тусламж үзүүлсэн байна. Үүнээс гадна 400 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүй хүргэсэн гэж Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлж байна.

Өвс, тэжээлийн тусламжид хамрагдах малчин өрхийг хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийж байгаа зэрэг шалгуураар сонгож байгаа юм.


Дөрвөн аймгийн малчдад өвс, тэжээл хүргэлээ  
Үзсэн: 175 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй