Шууд Chart

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн мэдэгдлээ хийлээ

2021-01-20 11:52:48

АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жозеф Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслол өнөөдөр Вашингтон хотноо болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор үүрэгт ажлаа шилжүүлэн өгөх гэж байгаа Дональд Трамп АНУ-ын Төрийн тэргүүний хувиар ард түмэндээ сүүлчийн удаа хандаж, мэдэгдэл хийгээд байна.

Тэрбээр юуны түрүүнд Төрийн тэргүүний халааг нь авч байгаа Жозеф Байдены засаг захиргааны амжилтын төлөө залбирах болно гэдгээ мэдэгдсэн юм. Шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаа Америкийн аюулгүй байдлыг хангаж, хөгжин цэцэглүүлээсэй гэж залбирахаа тэрбээр илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп 20 минутын туршид үргэлжилсэн энэхүү мэдэгдлийнхээ үеэр Төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд хүрсэн амжилтуудаа онцлон дурдсан юм. Тодруулбал, коронавирусний эсрэг вакциныг маш богино хугацаанд гарган авсан, цар тахлын үед хүн амаа болон бизнес эрхлэгчдээ эдийн засгийн хувьд дэмжсэн, татварыг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлж чадсан олон амжилт гаргаснаа тэрбээр тэмдэглэсэн юм.

Харин гадаад харилцааны салбарт гаргасан ололт амжилтуудад нь Мексик болон Латин Америкийн улс орнуудтай худалдааны шинэ гэрээ байгуулсан, нэг талыг барьсан, Америкийн ашиг сонирхолд нийцэхгүй байсан олон улсын гэрээ хэлэлцээрээс улс орноо гаргасан, НАТО-гийн гишүүн орнуудын жил бүр төлдөг татваруудыг нэмүүлж тус эвслийг хүчирхэгжүүлсэн зэрэг багтаж байгааг мэдэгдсэн.

Түүнчлэн АНУ-д сансрын хүчин байгуулж, зэвсэгт хүчний салбарт олон шинэтгэл хийж чадсан гэдгээ тэрбээр цохон тэмдэглэсэн юм. Гол нь Америкийн дотоод хүч чадлыг эргүүлэн авчирч олон улсад тэргүүлэх байр суурийг эзлэх болсноор Америк орныг дэлхий нийтээр дахин хүндэтгэдэг болсон. Энэ хүндлэлийг харин алдаж болохгүй шүү гэж шинэ Ерөнхийлөгчийн засаг захиргаанд хандаж сануулж байлаа.

Үүний зэрэгцээ Дональд Трамп Төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа нэг ч дайн эхлүүлээгүй сүүлийн хэдэн арван жил дэх Америкийн анхны Ерөнхийлөгч байсныгаа бахархан тэмдэглэсэн. Мөн Хятадын эсрэг дэлхий нийтийг урьд өмнөхөөсөө ч илүү дайчилж чадсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн мэдэгдлээ хийлээ   
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй