Шууд Chart

Европт вакцины паспорттой болох санал гарч байна

2021-01-20 13:11:24

Европын Холбооны орнуудад коронавирусний эсрэг вакцинжуулалт идэвхтэй хийгдэж байна. Энэ хооронд улс орнуудын эрх баригчид хэвийн амьдралд эргэн шилжих бэлтгэл хангаж эхлээд байна. Юуны түрүүнд Европын Холбооны гишүүн улс орнуудын иргэдийн харилцан чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг сэргээх нь онцгой чухал гэж үзэж байна.

Үүний тулд "Ковид-19"-ийн вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд тусгай паспорт эсвэл үнэмлэх олгох санаачлага ихээхэн яригдаж байна. Энэ санаачилгыг Европарламентын тээвэр, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Клаудиа Монтейру де Агиар дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.

Хэрэв вакцинжуулалтад хамрагдсан бол тухайн иргэн PCR шинжилгээ өгч, эсвэл ажиглан тусгаарлалтад хамрагдах шаардлагагүй болно. Энэ нь иргэдийн улс хооронд зорчих хөдөлгөөнийг хөнгөвчилнө гэж үзэж байна. Еврокомиссын зүгээс гишүүн улс орнуудтайгаа вакцинжуулалтын үнэмлэх олгох асуудлаар санал солилцож эхэлснийг мэдээлж байна. Гэхдээ вакцинжуулалтад иргэд сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа. Хэрэв ийм паспорт, үнэмлэх олгоод эхэлбэл вакцинд хамрагдаагүй иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага гарч болзошгүйг онцгой анхаарч нарийн зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байна.

Мөн вакцин хийлгэснээр халдварт өвчний шинж тэмдэг арилах ч халдвар тараах эрсдэл нь хэвээр учир ийм үнэмлэх паспорт олгох шаардлага үндэслэл байхгүй гэж францын мэргэжилтнүүд үзэж байна. Гэсэн ч маргааш Европын холбооны гишүүн орнуудын эрх баригчид цахимаар хуралдаж вакцинд хамрагдсан иргэдэд үнэмлэх олгох асуудлаар нэгдсэн байр сууриа боловсруулан батлах гэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европт вакцины паспорттой болох санал гарч байна   
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй