Шууд Chart

Б.Бямбаа: Уран зураг бол дурсамж, цаг хугацаа, төсөөлөл гурвын нийлбэр

2021-01-21 09:47:39

MNB.mn сайт “Редакцын зочин” буландаа зураач, уран зургийн багш Батбаатарын Бямбааг урьж ярилцлаа. Маш өвөрмөц, сонирхолтой арга барилаар заадаг түүний уран зургийн хичээл зөвхөн сурагчдыг төдийгүй насан хүрэгчдийг ч алмайруулдаг.


-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Танай гэр бүлд зураач, дархан хүн байв уу. Та хэдэн настайгаасаа зурж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Яг зураач, дархан хүн бол байгаагүй ээ. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Намайг есдүгээр ангид байхад Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом багш маань манай сургуульд хичээл ордог байлаа. Тухайн үед багш 70 гаруй настай байсан байх. Тэр үеэс багшаараа зурах урлаг, усан будгийн хичээл заалгасан. Багш жилийн дараагаас манай сургуульд багшлахаа больж, Төрийн шагналт, зураач Ц.Цэгмэд манай сургуульд ирж багшлахдаа хэдэн хүүхдүүд сонгож авсан юм. Тэр үеэс би Ц.Цэгмэд багшийнхаа шавь болсон түүхтэй. Багшийнхаа урланд очиж зурах урлагийн хичээл заалгадаг, багш надаар зургаа зуруулаад дараа нь өөрөө гүйцээж дуусгадаг байсан. Багшийнхаа туслах зураач байсан гэсэн үг л дээ.

Би Тайванийн үндэсний Тайнаний урлагийн их сургуулийг төгссөн. Оюутан болсон хойноо ч багштайгаа байнга холбоотой байсан. Багш маань ч хааяа хааяа дуудна. Надад зурах чадварыг зааж өгсөн энэ хоёр ачтандаа үргэлж талархаж явдаг даа би.

Нээрээ сүүлд Б.Чогсом багшийнхаа 90 насны хүндэтгэлийн үзэсгэлэнд очиж багштайгаа уулзсан. Уран зургийн анхны мэдэгдэхүүнийг зааж өгсөн ачит өвгөн багш минь намайг “Цагаан шаргал гонцгой царайтай хүү л байсан. Яг хэвээрээ байна” гэсэн. Олон хүн байсан болохоор багштайгаа тухтай удаан ярилцаж чадаагүй.

-Та олон орны зураач, уран бүтээлчдийн ур чадвараа сорьдог дэлхийн хэмжээний “Olympia International Open Art Competition”-оос Хүндэт өргөмжлөл хүртэж байсан юм билээ. Хамгийн сүүлд ямар зураг зурав?

-Гурван жилд нэг удаа Японы Токио хотод болдог “Olympia International Open Art Competition” маш чансаа шаардсан уралдаан л даа. 2019 онд зохион байгуулагдсан энэ уралдаанд 180 орны 6000 гаруй зураач бүтээлээ сойсноос миний “Дэлхийн үүсэл” нэртэй зураг 40 орны шүүгчдийн шалгуураар “Honorable Mention”-оор шалгарч Японы алдартай  “Bijustu Techo” сэтгүүлд Монгол Улсынхаа нэрээр овоглон хэвлэгдэж гарсан. Би “Дэлхийн үүсэл” бүтээлдээ эх дэлхийн хүйн холбоо, энэрэл хайрыг илэрхийлсэн. 

Харин хамгийн сүүлийн зураг гэвэл оны өмнө “Малчин аав” нэртэй бүтээл дуусгаж бэлэн болголоо. 

-Маш сайхан бүтээл болжээ. Зураач нар зохиолч, яруу найрагчидтай адил онгодоор хөглөгдөж бүтээлээ туурвидаг уу?

-Баярлалаа. Онгод гэдэг зүйлийг би хараагүй. Гэхдээ би сэтгэл зүрхийг минь догдлуулах өөртөө таалагдах бүтээл хийх дуртай. Заавал олны танил хүмүүсийн хөрөг, алдартай хурдан адууг нээх сонгож зураад байдаггүй. Яахав захиалгаар зурж өгөх үе байдаг ч дийлэнхдээ зүрх сэтгэлдээ захирагдсан бүтээл зурдаг. Миний бүтээлийн онцлог гэвэл харандаа ашиглахгүй зурдаг. Үндсэн гурван өнгөөр бүх бүтээлээ зурдаг. Энэ нь миний онгод, авьяас юм уу даа.

Миний хувьд урлаг бол үүрд үлдэх түүх, гайхамшиг бүтээх. Мөн дурсамж, цаг хугацаа, төсөөлөл гурвын нийлбэр, үндсэн гурван өнгө ашиглаж энэ хорвоог бүтээх, цоо шинэ ертөнцийг бүтээж үзүүлэх юм.

-Танд зураг дээрээ төвлөрч суух тогтсон цаг байдаг уу. Ямар орчин нөхцөлд илүү үр дүнтэй ажилладаг вэ?

-Миний хувьд цэвэрхэн хувцсаа өмсөөд, хормогч зүүх гэх мэтээр зурж үзээгүй. Гэхдээ маш цэвэр орчинд зургаа зурдаг. Миний урлан нээх том биш ээ жижиг. Гэхдээ яг тэр орчиндоо л бүтээлээ хийдэг дээ.Өөрийгөө ивээн тэтгээд зурсан бүтээлээрээ амьдардаг. Хажуугаар нь нийгэм Монгол Улсын хөгжилд оюуны хөрөнгө оруулалт оруулж, хүүхэд багачууддаа өөрийн зүгээс бага ч болтугай мэдлэг олгох зорилгоор уран зургийн багшаар ажилладаг. Багшийн ажил уран зураг хоёрыг хослуулдаг гэж хэлж болно. Ер нь миний хувьд урлан болон бүтээл гэдэг бол маш цэвэрхэн нэг хоосон өрөөнд л бүтээл бүтээх, хоосон зүйлээс гайхамшиг бүтээх үйл явц юм даа.

-Хүүхэд бүр зураач болох албагүй. Гэхдээ та зургийн хичээлээрээ хүүхдүүдэд юуг зааж сургаж ойлгуулахыг хүсдэг вэ?

-Гурван зүйл бий. Нэгдүгээрт, Хүүхэд зөв сайн хүн болж төлөвшинө. Хоёрт, Урлагийн өндөр мэдрэмжтэй өөрийнхөө хэмжээнд зурж гарын уртай хүн болно. Гуравт, Ийм хүн дэлхийн иргэн байна шүү дээ. Дэлхийн хаана ч очиж ажиллаж амьдарч чадна. Ийм л гурван зүйл байгаа.

Гэхдээ би багшийн ажил хийж байхдаа юм юм үзлээ. Нүүр лүүгээ хичээлийн хөтөлбөрөө шидүүлж, доромжлуулж ч байлаа. Яривал их юм бий. Анх хүүхэд асрамжийн газар уран зургийн хичээл зааж эхэлсэн.Үргэлж өөрийн зүгээс хүүхдийн хөгжилд, оюунд мэдлэг, хувь нэмрээ оруулж явсан. Ажилласан байгууллага болгоныхоо нэрийг өөд гаргаж байлаа. Чин сэтгэл зүрхнээсээ хүүхдийн төлөө гэж л явсан.

Багшийн ажил цалин бага, хангамж муу. Яг үнэндээ олон мянган шавь нарын минь урмын үгнээс өөр шагнал гээд байх юм алга даа. Сүүлд ажилласан “Jet” сургууль миний цалинг ч өгөөгүй. Тэгээд болоогүй “манай сургуульд ажилд ороод нэртэй болсон” гэх яриач дуулдсан. Үүнд жаахан эмзэглэж байгаа.

-Таныг “Jet” сургуульдаа ажиллаж л байгаа гэж бодоод байлаа. Яагаад ажлаасаа гарчихсан юм бэ?

-“Jet” сургуульд 2020 оны есдүгээр сарын 3-26 хүртэл ажилласан. Яагаад ажлаасаа гарсан гэвэл “Чи телевизээр олон удаа гарч байна. Од болоод байна уу, айн” гээд орлогч захирал загнаад ингээд байвал гэрээгээ цуцална гэсэн. Би “Өөрийн боловсруулсан, 10 жил заасан хичээлийн хөтөлбөрөө сурагчдад заасан. Харин хичээл орж байхад хүүхдүүд надаас зөвшөөрөл авалгүй бичлэг хийснийг нь би мэдээгүй. Тэглээ гээд танай сургуульд ямар хохирол учирсан юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд л би маргааш нь ажилгүй болсон. Энэ сургуулиас надад санал ирүүлж, ажилд авсан ч хэлсэн дээ хүрээгүй.

Гэхдээ багшийн ажлыг заавал сургуульд ажиллаж хийх алба байхгүй л дээ. Онлайн сургалт ч хөгжиж байна. Мөн уран зурагт хайртай хүүхдүүдэд өөрийн урландаа ч хичээл орж болно.

-Та ярилцлага эхлэхийн өмнө онлайнаар хичээл зааж байгаа гэсэн. Хэдэн хүүхдэд багшилж байна?

-Өмнө нь ч одоо ч гадаадаас олон хүмүүс надтай холбогдсон. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд онлайнаар уран зургийн хичээл орж байгаа.

Хүүхдүүд таны хичээлийг маш алмайрч үзэж байгаа нь таны хичээл орж байгаа бичлэгээс харагдсан. Битгий сэтгэл санаагаар унаарай. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа танд. Хүүхдийн төлөө багшийн ажил хийдэг болохоос цалин мөнгөний төлөө биш ээ. Уран зургийн хичээлийг шохой “идэн идэн” самбар дээр ордог нь хүүхдүүдэд бага ч болтугай гэрэл түгээх л зорилготой юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Бямбаа: Уран зураг бол дурсамж, цаг хугацаа, төсөөлөл гурвын нийлбэр  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй