Шууд Chart

Г.Занданшатар: Хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй

2021-01-21 06:45:26

УИХ-ын намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан ээжийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бусаар хандсан талаар УИХ-ын эмэгтэй гишүүдээс мэдэгдэл гаргасныг чуулганы нэгдсэн хуралдааны эхэн танилцуулж, уг асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр, энэ асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдээс мэдэгдэл гаргаж, цар тахлын үед онцгой дэглэмийн горимыг мөрдүүлэхдээ хүнлэг бусаар, хүний эрхийг зөрчиж харьцсанд харамсал илэрхийлж, уучлал гуйжээ. Мөн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг шаардсан байна.

Өнөөдөр хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. Өчигдөр Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан короновирусийн халдвартай ээжид гаргасан хүнлэг бус хандлага, бүдүүлэг алдааг бид тэвчиж дуугүй өнгөрөх ёсгүй. Халдвар дотооддоо алдаад байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа дүр зурагтай эвлэрэх учиргүй. Энэ асуудлаар Улсын онцгой комисст шаардлага тавьсан, ярьсан. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж буйгаа мэдэгдсэн.

Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх шаардлагатай болсныг энэ жишээ харуулж байна. Тиймээс хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг чухалчлан анхаарах ёстой.

Шинээр төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Энэ талаар УОК анхаарч ажиллахыг Шадар сайдад анхааруулсан. Үүнийг улстөржүүлж болохгүй гээд хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлж, Үндсэн хуулиа сахиж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын албан тушаалтнууд, нийт албан хаагчдад онцгойлон анхааруулж буйгаа мэдэгдлээ.


Г.Занданшатар: Хэдийгээр хүнд хэцүү цаг үе тохиож байгаа ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй