Шууд Chart

Х.Баттулга: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна

2021-01-21 18:01:28

Тэрбээр “УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж Төр улсаа удирдах үнэмлэхгүй эрхийг Монгол ардын намд авчирсан Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх тааж, тааварлахын аргагүй учир битүүлэг шалтгаанаар үүрэгт ажлаасаа нэн шуурхай огцрохоор боллоо. Харамсалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд Монголын ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэх ийм үйлдэл яагаад хийх болов оо. Үндэсний эв нэгдлийг бусниулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илэрхий гүтгэх үг үйлдлийг яагаад хийх болов гэдэгт эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна. Улс Монголынхоо төлөө хоёргүй сэтгэлээр хамтран зүтгэсэн Ерөнхий сайдаас ийм үг үйлдэл гарна чинээ санасангүй. Нэг зүйл маш тодорхой байна. Тусгаар Монгол улсыг эзэгнэн дарлах гэсэн тодорхой бүлэглэл, бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн С.Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж байна. Өнөөдөр Оюу толгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд урьд өмнөх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэс илүү нэгдмэл санаа бодол, нэгэн зорилготойгоор хамтран ажиллаж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг нэг цонхоор харж чадаж байсан.

Монгол Улсын Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн миний бие ардчилал анх эхэлсэн цэгтээ эргэж ирлээ гэж дүгнэж байна. Монгол Улс засаглалын хямралд орлоо гэдгийг Улсын Их Хурлын индэр дээрээс дүгнэн мэдэгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зөвлөлдөх ажлын хэсгийг миний бие ахалж ажилласны хувьд Монгол Улсын Засгийн газрын насжилт урт, удаан хугацаанд үр дүнтэй ажиллах ёстой хэмээн үзэж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг саяхан баталж байсан. Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна. Өөрийн шууд удирдаж буй Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас мэдэх бүрэн боломж бас байгаа. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувь хүний манлайлал, нэр хүндэд итгэж найдсан иргэд, сонгогчдын сонголт юм. Гэтэл эдийн засаг, цар тахлын нэн эрсдэлтэй цаг үед нийт ард түмний сонголт, итгэл найдварыг хөсөрдүүлэх эрх энэ хүнд байхгүй.

Би Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна гэдгээ энэ индэрээс мэдэгдье” гэлээ.


Х.Баттулга: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна  
Үзсэн: 2872 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй