Шууд Chart

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2021-01-23 08:28:01

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Чинзориг, С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг 2017 онд баталж, 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин, хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон юм.

Дэлхий дахинаа тархаад байгаа коронавирус халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож орлого буурч, төрийн захиргааны байгууллагууд тусгай горимоор ажилласан зэргээс үүдэн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод болсон гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Нийгмийн даатгалын байгууллагын 2020 оны 12 дугаар сарын мэдээгээр хамрагдвал зохих иргэдийн 33 хувь буюу 9.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдаж, 17.7 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна. Эдгээр иргэдээс 6.5 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэвэрт 9.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Иймд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “2021 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2022 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. 

Төсвийн байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй дэмжсэн байна. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин, Ш.Адьшаа, Ц.Даваасүрэн, Ц.Туваан, Ц.Цэрэнпунцаг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсан. Хуулийн хүрээнд иргэн 1 жилийн нөхөн төлбөрт 500 мянган төгрөг, 3 жилийн нөхөн төлбөрт 1.5 сая төгрөг, зургаан жилийн нөхөн төлбөрт 3 сая төгрөг төлөх шаардлагатай, иргэдээс тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөхдөө нөхөн төлж буй жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, төлөх саналыг гаргаж байгааг Л.Энх-Амгалан гишүүн илэрхийлж, энэ саналыг хэлэлцүүлгийн явцад анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ хуулийн зохицуулалтаар 260 гаруй мянган малчин төдийгүй 160 мянган гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бий болж байгааг гишүүд онцлоод, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахын зэрэгцээ иргэдэд энэ талаарх мэдээллийг түгээж, холбогдох бүх шатны төрийн байгууллага сурталчилж ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байв. 

Иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоог олгосноороо Нийгмийн даатгалын санд ихээхэн ачаалал ирнэ, үүн дээр гишүүдийн санал болгож буйгаар шимтгэлийн хувь хэмжээг нь бууруулах юм бол тус сан үүсэх ачааллыг даахгүйд хүрэх эрсдэлтэй гэдгийг төсөл санаачлагч тайлбарласан. Ойрын хугацаанд Засгийн газар Нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд нөхөн төлбөрийн хувь хэмжээг бууруулах асуудлыг энэ хүрээнд авч үзэх боломжтой гэдгийг Г.Тэмүүлэн гишүүн хэлсэн. Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх малчин А дансны лавлагаа болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлэх бол хувиараа хөдөлмөр эрхлэгчийн татварын баримтыг үндэслэх зохицуулалттай юм. 

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 75.8 хувь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.


УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй