Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2021-01-23 09:56:47

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан.  

Хууль санаачлагч Коронавирус халдвар цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарлаж, орон нутгийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого буурч, өдөр тутмын хүнсний хэрэгцээгээ ханган нийлүүлэхэд хүндрэл үүссэнээс нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй байгааг харгалзан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй, хэлэлцүүлгийн шатанд төсөв, санхүүгийн эх үүсвэрийн асуудал болон Засгийн газрын саналыг нэгтгэн хуулийн төслийг батлах нь зүйтэй, УИХ-ын гишүүн С.Ганбаатар Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй бөгөөд хуулийг сурталчлах, хуулийн хэрэпжилтийг хангах асуудалд анхаарч ажиллах, УИХ-ын гишүүн Б.Жавхлан малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тэтгэвэрт хамруулах асуудал нь нийгмийн шаардлага байгаагийн хувьд дэмжиж байна, харин хэрэгжих шатандаа боломж хязгаарлагдмал гэдгийг тооцох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан байна.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлзх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60.0 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсан.

Хуулийн үйлчлэлээр иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ 10 жилээр нөхөн төлөхдөө 5 сая төгрөг төлөх ч тэтгэвэр тогтоолгоод 10 жилийн хугацаанд 50 сая төгрөгийн тэтгэврийг тогтмол хугацаанд авах боломж бүрдэж байгаа давуу талтай гэдгийг төсөл санаачлагч тайлбарлаж байлаа. Өнгөрсөн хугацаанд 600 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн нь хангалтгүй тоон үзүүлэлт. Татварын баримт бүрдүүлэхэд хэцүү, зарим нь боломжгүй байгаа нь гол шалтгаан гэдгийг тэрбээр тайлбарлаад төслийн анхны хэлэлцүүлгийн явцад энэ асуудлыг зохицуулах зарчмын зөрүүтэй санал гаргахаар ажиллаж байгаагаа хэлсэн.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй