Шууд Chart

ЕХ-ны орнуудад харилцан зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож магадгүй байна

2021-01-23 10:39:45

Европын Холбооны гишүүн орнуудын дээд уулзалтаар цар тахлын үед гишүүн орнуудын иргэд хоорондын зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох эсэх асуудлыг хэлэлцсэн  байна. Дээд уулзалтад оролцогчид холбооны дотоодод онцгой  шаардлагагүй тохиолдлоор зорчих хөдөлгөөнд  хязгаарлалт  тогтоох боломжтой гэж үзсэн  байна.

Гэхдээ Европын Холбооны  хилийг цар тахлын  энэ үед  хаах шаардлагагүй гэдэгт санал нэгдсэн байна. Энэ тухай  Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель цахим дээд  уулзалтын дараагаар хийлгэсэн  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдээд  байна. Тэрбээр ойрын хугацаанд энэ чиглэлээр тодорхой  шийдвэрээ боловсруулж гаргах болно гэдгээ мөн мэдэгдсэн. Урьдчилсан байдлаар Европын Холбооны гишүүн улс орнуудын иргэд тус холбооны орнуудад чөлөөтэй зорчиж  байгааг  өөрчлөхөөр  төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл албан ажлаар, тодорхой шалтгаануудаас бусад тохиолдолд Холбооны өөр улс оронд зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаар тогтоох гэж байна. Харин Европын  Холбооныхноос бусад гуравдагч орноос ирэх иргэдийн хувьд сөрөг хариутай PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа юм. Түүнчлэн Европын Холбооны дээд уулзалтаар  "Ковид-19"-ийн вакцинжуулалтын  үнэмлэх  олгохтой холбоотой асуудлыг хэлэлцжээ. Гишүүн орнуудын удирдагчид вакцинд хамрагдсан хүмүүст ийм  үнэмлэх,  эсвэл паспорт  олгох асуудлыг нарийн олон талаас  нь судалж  үзэх  ёстой гэдэгт  санал нэгдсэн байна.  Тодруулбал, вакцинжуулалтад хамрагдсан төдийгүй хамрагдаагүй  хүмүүсийн эрхийг хамгаалах,  мэдээллийн нууцыг хадгалах гээд хүний  эрхтэй холбоотой олон асуудлууд  байгааг хөндөж хэлэлцсэн байна. Гэхдээ энэ удаагийн дээд  уулзалтаар үнэмлэх  олгох  эсэх асуудлаар  тодорхой  шийдвэрт  хүрээгүй  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЕХ-ны орнуудад харилцан зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож магадгүй байна  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй