Шууд Chart

Төв Африкийн бүгд найрамдах улсад онц байдал тогтоолоо

2021-01-23 10:56:26

Төв Африкийн бүгд найрамдах улсад 15 хоногийн хугацаатайгаар онц байдал тогтоолоо. Тус улсын өөрчлөлтийн төлөөх эх орончдын эвсэл нэртэй засгийн газрыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн идэвхжиж дотоодын нөхцөл байдал хурцадсан учир ерөнхийлөгч  Фостен  Арканже  Таудерагийн шийдвэрээр онц  байдал зарласан байна.

Босогчдын зүгээс аюул  заналхийлэл учруулж  байгаа учир улс орон даяар энэ сарын 21-ний өдрөөс онц байдал тогтоож байгааг мэдэгджээ. Засгийн газрыг эсэргүүцэгч босогчид сүүлийн өдрүүдэд  халдлага  дайралтаа эрс идэвхжүүлээд  байгаа бөгөөд тэд тус улсын хойд, өмнө зүгт засгийн газрын хүчин болон НҮБ-ын энхийг сахиулагчид руу дайрч  халдлага үйлдсэн  байна.  Мөн нийслэл Банги хотыг бүслэн хааж хотын  оршин суугчдыг өлсгөлөнд  автуулахыг чармайж  байгааг энхийг сахиулагч хүчнийхний зүгээс мэдээллээ.

Төв Африкийн бүгд найрамдах улсын үндсэн хуулийн шүүх өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч  Таудерийг  ялалт байгуулсныг  өнгөрсөн даваа гаригт баталгаажуулсан юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин  өрсөлдсөн  бусад  улс төрчдийн зүгээс сонгуулийн дүнг будлиантуулж луйвардсан гэх гомдол нэхэмжлэлийг хүчингүй  болгосон. Таудер  Ерөнхийлөгч Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр гарсны дараа нийт ард иргэддээ хандаж үндэсний  эвлэрэлд  уриалсан  байна.

Гэвч ардчилсан сөрөг хүчний эвсэл буюу сөрөг хүчний нийт 15 намыг эгнээндээ нэгтгэсэн эвсэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийг хүлээн  зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв Африкийн бүгд найрамдах улсад онц байдал тогтоолоо  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй