Шууд Chart

Беларусь: Зөвшөөрөлгүйгээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагчдад оноох шийтгэлийг чангатгалаа

2021-01-23 12:31:15

Беларусьт эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж хэв журмын зөрчилд хүлээлгэх хариуцлагыг захиргааны хэргийн шинэ хуулиар чангатгаад байна. 

Энэхүү хуулиар мөн төрийн  далбааг хууль бусаар ашигласан тохиолдолд торгууль оногдуулахаар заасан байна. Тодруулбал, захиргааны хэргийн шинэ хуулиар жагсаал зөвшөөрөлгүйгээр зохион байгуулагчдаас гадна нийтийг хамарсан ийм арга хэмжээнд оролцсон, уриалсан хүмүүст ч 1140 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноох эсвэл нийтэд тустай ажил албадан хийлгэх, түр саатуулах хорих  зэрэг арга хэмжээ авахаар болжээ.

Мөн  албан үүргээ гүйцэтгэж  байгаа хууль хяналтынхан, төрийн албаныхны хууль ёсны шаардлагыг дагаж биелүүлээгүй бол торгож шийтгэх юм байна. Захиргааны зөрчлийн тухай шинэ  хууль ирэх  3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болох юм. Беларусьт өнгөрсөн оны 8 дугаар сарын 9-ний  сонгуулиас хойш Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан олны  эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа юм. 

Беларусийн хүний эрхийг хамгаалагчдын мэдээлж байгаагаар тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампани эхэлснээс хойш өнгөрсөн 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, тэдгээрийн штабт ажиллагсад, тайван жагсаал цуглаанд оролцогсод гээд нийт 33 мянга гаруй хүн хууль цагдаагийнханд саатуулагдаж хоригджээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид цагаан улаан цагаан өнгийн туг далбаан дор жагсах болсон. Сөрөг хүчнийхэн энэ тугийг улс  үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцэгч үндэсний хөдөлгөөнийхөн  ашиглаж  байсныг сануулдаг  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусь: Зөвшөөрөлгүйгээр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагчдад оноох шийтгэлийг чангатгалаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй