Шууд Chart

Домогт хөтлөгч Ларри Кинг 87 насандаа бурхны оронд дэвшлээ

2021-01-23 22:59:31

Америкийн телевиз, радиогийн домогт хөтлөгч, сэтгүүлч Лоренс Харви Зайгер буюу Ларри Кинг өнөөдөр /2021.01.23/ өглөө Лос-Анжелес хотын эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байхдаа таалал төгслөө.

Одоогоор түүний нас барсан шалтгааныг нарийн тодорхойлоогүй байгаа бөгөөд энэ оны эхээр CNN агентлаг түүнийг цар тахлын халдвар авч, эмчилүүлж байгаа талаар мэдээлж байсан юм.

Өнөөдөр түүний твиттер хуудаснаас "Ora Media" компанийн зүгээс бидний үүсгэн байгуулагч, хөтлөгч, хүндэт анд нөхөр Ларри Кинг өнөөдөр өглөө 87 настайдаа Лос Анжелес хотын эмнэлэгт  эмчлүүлж байгаад, бурхны оронд дэвшсэнийг албан ёсоор зарлаж байна. Агаарын цэнхэр долгион, хоймрын цэнхэр дэлгэц, интернэтийн өргөн сүлжээгээр 63 жилийн турш бид бүхний оюун юуг цэнэглэн, мэлмий юуг баясгасаар ирсэн мянга мянган ярилцлага, шагнал гардуулах ёслол, нэвтрүүлгүүд тэргүүтэй нөр их хөдөлмөр бүхнийг тань нөхөд бид хэзээ ч мартахгүй” хэмээн бичсэнийг харж болно.

Ларри Кинг 1933 оны арваннэгдүгээр сарын 19-нд төржээ. Ларри Кинг дунд сургуулиа төгссөний дараа хэд хэдэн газар ажил хийсэн байна. 22 настайдаа орон нутгийн багахан “WIOD” радиод хөтлөгч хийхээр Майамид иржээ. 1950 онд Флорида мужаас сэтгүүлчийн гараагаа эхлүүлж, 1957 оны 5 дугаар сарын 1-нд анхны нэвтрүүлэг нь цацагдсан байна. Тэгэхэд радиогийн удирдлагууд еврей овгоо өөрчлөхийг түүнд зөвлөснөөр Ларри Кинг нэртэй болжээ.

Ларри Кинг радиогийн мэдээний болон спортын нэвтрүүлгийг хөтөлдөг байв. 1960 онд Кинг телевизийн “WTVJ” сувагт өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болжээ. Түүний энэ ажил нь тийм ч бүтэлтэй байсангүй. Үүнээс гадна “Майами Геральд”, “Майами Ньюс” сонинуудад нийтлэлээ гаргадаг байв. 1970-аад оны үед Кинг санхүүгийн асуудалд орооцолдож, баривчлагдаж байжээ. Үүний улмаас тэр телевизийн ажлаасаа халагдаж, хэдэн жил янз бүрийн ажил, тухайлбал Луизианад спортын нэвтрүүлэг хөтөлж, мөн “Эсквайр” сэтгүүлд нийтлэл бичиж байжээ.

1978 онд “Mutual Broadcasting Network” радиод шууд нэвтрүүлгээ нээсэн байна. Ларригийн шууд нэвтрүүлэг долоо хоног бүрийн даваа гарагаас баасан гараг хүртэл өдөр бүр цацагддаг байв. Харин 1985 онд CNN сувгаас ажлын санал авсны дараа түүний шууд нэвтрүүлэг “Larry King Live” гэдэг нэртэй болжээ.

Тэрээр тус шоугаа хөтөлсөн 25 жилийн дотор Ричард Никсоноос эхлээд АНУ-ын бүх ерөнхийлөгч, нэр нөлөө бүхий улс төрчид, спортын болон шоу бизнесийн одод, зохиолчид, бусад алдартнууд зэрэг олон арван хүүнтэ ярилцсан байдаг. Мөн 2012-2020 оны хооронд RT America болон Hulu сувагт "Larry King Now" нэвтрүүлгийг хөтөлж байжээ. Тэрээр 2013 оноос "Politicking with Larry King" гэдэг долоо хоног тутмын ярилцлага шоу нэвтрүүлгийг хөтөлж хоёр ч сувгаар цацаж байв.


Домогт хөтлөгч Ларри Кинг 87 насандаа бурхны оронд дэвшлээ  
Үзсэн: 246 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй