Шууд Chart

Зэвсэгт хүчнийг бэхжүүлсэн он жилүүд

2021-01-27 10:50:09

Ялангуяа ардын журамт цэргийг байнгын арми болгон хөгжүүлэн бэхжүүлэх эхний арваад жил бол манай шинэ үеийн Зэвсэгт хүчний хөгжлийн оршихуй, эс оршихуйн хамгийн хүнд сорилтын цаг хугацаа, он жилүүд байсан юм.

Юуны өмнө Зэвсэгт хүчний хөгжилд улс орны болон ард түмний харанхуй хөгжлийн хоцрогдол нөлөөлж байжээ. Европын загвараар цэргийн анги, салбар байгуулж, тэднийг зэвсэглэн сургахад хамгийн хүнд бэрхшээл бол улс орны эдийн засаг цэргийн асуудлаарх үндэсний зан үйл байжээ.

Хэзээнээс нааш монголчууд цэргийн боловсролыг уламжлалт зан үйлийн өв уламжлал дээр тулгуурлан сурсан бөгөөд аливаа дайн байлдааны үед нэгдэн нийлэн ирж нэгэн цул цэрэг болдог. Мөн дайн байлдаан дууссанаас хойш орон нутаг гэр рүүгээ буцах нь жам ёсны эрх гэж ойлгодог байсан нь байнгын цэрэг армийг бий болгоход ихээхэн саад болсон юм.

Зэвсэгт хүчний цаашдын хөгжил, бэхжилтэд “МАХН-ын IV Их хурал, БНМАУ-ын II Их хурал” (1925) чухал суурь эзэлнэ. Намын IV Их хурлаас баталсан МАХН-ын хоёр дахь программд энэ үеийн цэргийн байгуулалтын зорилт нь: “Ардын хувьсгалт улаан цэргийг байгуулах явдалд тус намаас идэвхийлэн оролцож ардын эрх чөлөөг үнэхээр хамгаалж чадахын тулд хүчнийг нь зузаатгах ...” гэж заажээ. Программд “Хувьсгалт улаан цэргийн тухай” бүлэг тусгай оруулж, түүнд Зэвсэгт хүчнийг байгуулахад эн тэргүүнд цэргийн албан хаагчид, нийт хөдөлмөрчин ардыг цэргийн эрдэмд боловсруулах, байлдааны шинэ зэвсэг техник, боловсон хүчнээр армийг хангах, дайчдын байлдааны бэлэн улс төрийн бэлтгэл, цэргийн сахилгыг бэхжүүлэх нь шинэ армийг байгуулах үндэс гэж үзсэн байна.

БНМАУ-ын II их хурлаас цэрэг байгуулах арга замыг тодорхойлсон байна. Үүнд, МАХЦ-т залуучуудыг дайчлан татах замаар 5 жилийн дотор (1926-1930) цэргийг байгуулж дуусгах, хязгаарын цэргийн зардлыг улсын төсвөөр хангах, байнгын цэргийг цөөтгөх, нутгийн цэргийн ангиудад залуучуудыг цэргийн бэлтгэлтэй болгох, техникийн цэргийг шинээр байгуулахад гол анхаарлаа чиглүүлэв. Энэ бол улс орны тухайн гадаад дотоод нөхцөл, эдийн засаг, хүн хүчний нөөцөд тохирсон зөв шийдвэр байсан юм.

Юуны урд засгийн газраас цэрэг бэлтгэдэг цоо шинэ хэлбэрийг нэвтрүүлэхээр болсон юм. Энэ бол цэргийн сургууль байсан юм.

Их жанжин Д.Сүхбаатарын удирдлага, санаачилгаар их даргын сургуулийг (Цэргийн ерөнхий сургууль) 1921 оны намар байгуулжээ. Богдын засгийн газрын 1912 онд Хаант оросын туслалцаатайгаар Хужирбуланд байгуулсан сургуулийн суурин дээр уг сургуулийг байгуулсан юм. Тус сургуулийн анхны дамжааг 90 орчим хүнтэй, 6 сарын сургалтын хөтөлбөртэйгээр байгуулж, 1921 оны 8 дугаар сараас 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хичээллэж төгсгөсөн байна.  Эхний төгсөлтөөр морьт цэргийн салааны дарга 5, туслах дарга 8, хагас салааны дарга 7 бүгд 20 хүн төгсөв. Энэ бол орчин цагийн Зэвсэгт хүчний түүхэн дахь анхны мэргэжлийн боловсон хүчин байжээ.

Зэвсэгт хүчний боловсон хүчинг зөвхөн дотооддоо бэлтгээд зогсохгүй 1926 оноос эхлэн ЗХУ-ын цэргийн дунд сургуулиар, 1930-аад оноос цэргийн академид явуулан сургах болжээ. Ийнхүү 1920-иод оны эцэс, 1930-аад оны эхээс дотоод, гадаадын цэргийн сургууль төгссөн анхны боловсон хүчнийг Зэвсэгт хүчин хүлээн авах болжээ.

Монгол цэргийн дарга нар анх удаа 1923 онд  Улаан армийн цэргийн академи (Одоогийн М.В.Фрунзегийн нэрэмжит цэргийн академи), 1924 оноос В.И.Лениний нэрэмжит цэрэг-улс төрийн академийн бэлтгэлд нэг жил суралцдаг байснаа Тверь хотын морьт цэргийн дунд сургуульд 3 жилийн хугацаатайгаар суралцах болсон байна. Бас 1928 оноос нисэхийн сургуульд явуулжээ.

ЗХУ-д  1923-1932 онд 139 хүнийг сургахаар явуулснаас 100 орчим нь төгссөн байна. Ийнхүү 1932-1939 онд АХЦ-т дотоодын дунд сургуулиар 933, гадаадын дээд, дунд сургуулиар 444, нийт 1377 хүнийг бэлтгэн гаргажээ.

Төгсөгчдийн 48.4 хувь төрлийн цэргийн, 26.8 хувь командын, 17.1 хувь  ар тал, эмнэлгийн мэргэжлийн дарга нар байна. Үүнээс үзэхэд хуягт танк, холбоо их буу, нисэх, химийн төрлийн цэргийн боловсон хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарсныг харуулж байна. Энэ нь БНМАУ-ын Зэвсэгт хүчний бүтцэд чанарын өөрчлөлт гарч уламжлалт морьт цэргийн зэрэгцээ нисэх хүчин болон төрөл мэргэжлийн цэрэгтэй болсонтой холбоотой байжээ. Ийнхүү 1930-аад оны хоёрдугаар хагас болоход дотоод, гадаадын цэргийн сургуулиар боловсон хүчнийг бэлтгэж, МАХЦ-ийн анги, салбарыг үндсэнд нь хангаж чаджээ.

Зэвсэгт хүчний хөгжил, түүний бэхжилтэд хамгийн их нөлөө үзүүлэх зүйл бол эдийн засаг юм. Шинэ Монгол Улс түүний Засгийн газар баян хүчирхэг бус харин сул дорой эдийн засагтай улс орныг хүлээн авсан юм. Улсын сан хөмрөг үндсэндээ хоосон шахуу байжээ.

Аж үйлдвэрлэлжээгүй, хөдөө аж ахуйн хоцрогдсон салбартай улс оронд Зэвсэгт хүчиндээ илүүчлэх санхүү хөрөнгө ч байгаагүй юм. Гагцхүү гаднын зээл тусламжид найдахаас өөр арга байсангүй. Өмнө ч хаант Оросоос зээлээр зэвсэг хэрэгсэл авч байсан түүхтэй.

ЗХУ-ын Засгийн газраас 1924 оны эцсээр БНМАУ-д нэг сая рублийн зээллэгийг жилд дөрвөн хувийн хүүтэйгээр таван жилийн хугацаатай олгосон байна. Энэхүү зээллэгнээс МАХЦ-ийн хэрэгцээнд зориулан таван зуун мянган рублийн зэвсгийг гурван жилийн туршид (1925-1927 онд) олгохоор тохиролцсон байна. Энэ бол ЗХУ-аас Монголын Зэвсэгт хүчний чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн анхны томоохон зээллэг байв.

Монголын эдийн засгийн хүчин чадал нь тухайн үед шаардагдаж байсан батлан хамгаалах зардлыг бие даан хангах бололцоогүй байв. Иймээс улсын төсвийн цэргийн зардлын нэлээд хэсгийг ЗХУ-аас бие мөнгөөр буюу байлдааны зэвсэг техник, зэвсэглэл худалдан авахад зориулсан зээлээр нөхөж байв.

БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлан хамгаалах хэрэгцээнд урьд өмнө Монголын талд олгосон урьдчилгаанаас төлж дуусаагүй байсан 94,226,658 төгрөгийн өрийг 1930-аад оны эхээр шийдвэрлээд энэ чиглэлээр санхүүгийн тусламж үзүүлэх шинэ хэлбэрт шилжсэн байна.

1930-аад онд БНМАУ-ын батлан хамгаалахад зориулсан төсвийн зардлын 30 орчим хувийг ЗХУ-аас үзүүлж байсан цэргийн буцалтгүй тусламж, зээллэгээр хангаж байв. Энэ нь Халхын голын байлдаанд өмнөх болон дэлхийн дайны жилүүдэд МАХЦ-ийг бэхжүүлэх бололцоог БНМАУ-ын Засгийн газарт олгосон явдал юм.

Өгүүлэн буй үеийн Зэвсэгт хүчний хөгжилд саад тээг болсон нэг зүйл бол улс төрийн их хэлмэгдүүлэлт юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт улс орны бүхий түвшинд явагдсанаас Зэвсэгт хүчин хамгийн их өртсөн юм. 1937 онд эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар даргалах бүрэлдэхүүн 1938 онд 16.2 хувь, 1939 онд 10.6 хувиар дутагдах болжээ.

 Зөвхөн 1937 оны 9 дүгээр сараас 1940 он хүртэл МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүнээс 500 орчим хүнийг дайчлан баривчилсан бөгөөд бас 1944 онд хүртэл  эхлээд бэлтгэлээр, дараа нь улс төрийн найдваргүй этгээд хэмээх хаяг зүүлгэж, 1500 орчим дарга нарыг цэргийн албанаас халж тэдний нэлээд хэсгийг баривчлан шийтгэжээ.

Зэвсэгт хүчний хэмжээгээр баривчлагдсан цэргийн албан хаагчдын 67.4 хувь нь МАХЦ-т ногдож байгаа нь хэлмэгдүүлэлтийн  гол чиглэл, цар хүрээ чухам л армийг дайрсныг гэрчилнэ. Энэ хоморголон баривчлах ажиллагаа, хэлмэгдүүлэлт, өөрийгөө илчлэх тушаалын дагуу жирийн цэргээс Бүх цэргийн жанжин, байлдагчаас маршал, малчин ардаас пийшин баригч хүртэл олон зуун хүн эхлээд Ж.Лхүмбийн, дараа нь Гэндэн-Дэмид, Дамба-Найдангийн эсэргүү байгууллагын гишүүн, хань хамсаатан тэдний гэр бүл хэмээгдэн өртсөн юм. Тэдний дотор халх, буриад, казак, дөрвөд болон Орос, Хятад улсын харьяат зэрэг Монголд оршин сууж байсан үндэстэн ястнуудын төлөөлөгчид бүгд байв.

 Энэ хэлмэгдүүлэлтэд Цэргийн яам, Жанжин штаб, Улс төрийн газрын дарга, орлогч, тэдгээрийн газар, хэлтсийн дарга, орлогч нар, дивиз, бригад, хороодын удирдлага 2-5 удаа баривчлагдсан байна.

Цэргийн түүхч, доктор Б.Даваасүрэн агсны судалгаагаар МАХЦ-ийн болон Хязгаарын ба дотоодын цэргийн алба хаагч, энгийн хүмүүсээс 1239 хүн, түүний дотор өнөөгийн генерал цолтой дүйцэх цол хүртсэн 78 дээд даргын 66 нь буюу 84.6 хувь нь хэлмэгдэж, ихэнх нь цаазлуулсан байна. Судлаач хэлмэгдүүлэлтээр учирсан хор уршгийг “хувьсгалт хууль ёсыг ноцтойгоор зөрчсөн энэ балмад явдлын уршгаар БНМАУ-ын батлан хамгаалах хүч чадал ноцтой суларч, цэргийн боловсон хүчинд хүнд цохилт болсон”, “асар их үнээр бэлтгэсэн цэргийн боловсон хүчин үй олноор хохирсноор юуны өмнө цэргийн боловсон хүчин, цаашилбал үндэсний сэхээтэн бүрэлдэх процесст, муугаар нөлөөлжээ” хэмээн дүгнэсэн байдаг.

 Зөвлөлтийн улаан армид 1936-1937 онд нийт офицерын 6.9 хувь, 1938-1939 онд 2.3 хувь нь цэргийн албанаас зайлуулагдсан юм. Үүнтэй харьцуулахад Монголын Зэвсэгт хүчинд учирсан хохирол улаан армийнхаас олон дахин илүү байна. Ийм их хохирол үзсэн арми Сталины дарангуйллын үед Монголоос өөр хаана ч байгаагүй биз ээ. 

  Сталин, түүний улс төр, дипломат, залхаан цээрлүүлэх байгууллагаас Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийг тэр дундаа Зэвсэгт хүчинд явуулсан зорилго нь нэг талаас Японы болзошгүй довтолгооноос ЗХУ-ын дорнод хилийг хамгаалахын тулд Монгол Улсад цэргийн томоохон бүлэглэлийг байрлуулах; нөгөө талаас Монголын Зэвсэгт хүчинд өөрийн бат найдвартай үнэнч тэр хэсгийг улам бүр бэхжүүлэхэд оршиж байв.

Гэсэн хэдий ч олон саад бэрхшээл тулгарч байсан ч 1921-1939 оны хүртэлх энэ жилүүдэд Монголын цэргийг байнгын армийн хэмжээнд хүргэж, түүнийг үндэсний боловсон хүчин, орчин цагийн байлдааны зэвсэг техникээр хангах зорилтыг үндсэнд нь шийдвэрлэсэн бөгөөд улс эх орноо батлан хамгаалах ариун үүргээ нэр төртэй үнэнчээр биелүүлсээр л байсан юм.

БНМАУ гучаад оны хоёрдугаар хагасаас цэргийн зардлаа үлэмж нэмэгдүүлсэн нь Монголын нийгэм-эдийн засгийн амьдралд эерэг, сөрөг нөлөө үзүүлсэн юм. Эерэг тал нь улс орны батлан хамгаалах чадварыг дээшлүүлж, дайсны довтолгоог тогтоон барьж, сөрөг цохилт хийж чадахуйц орчин цагийн армийг байгуулсанд оршино.

Сөрөг тал нь улс орны эдийн засгийн тухайн үеийн чадавх бололцооноос цэргийн зардал үлэмж давж, улмаар ард түмний аж байдал, соёлын хэрэгцээний дээшлэлтэд муугаар нөлөөлж байснаар тайлбарлагдана. Мөн тухайн цаг үеийн хамгийн шилдэг сайн боловсон хүчнээ улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртүүлснээр Халхын голын байлдааны өмнө Зэвсэгт хүчний бэлэн байдал, байлдах чадвар, цэрэг дайчдын эх орон, төр, ард түмэндээ итгэх итгэлийг нь сулруулсан үйл явдал болжээ. Зэвсэгт хүчин байх эсэх, түүнийг гаднын цэргээр орлуулж болзошгүй тийм түүхэн хүнд хэцүү сорилтыг даван туулсан юм.

Орчин цагийн Зэвсэгт хүчин маань 1921 оноос хойш учирч байгаагүй хамгийн томоохон сорилттой тулгарч түүнийгээ нэр төртэй биелүүлэх болно. Тэр бол Халхын гол дахь зарлаагүй байлдаан байсан юм.

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар


Зэвсэгт хүчнийг бэхжүүлсэн он жилүүд  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй