Шууд Chart

АНУ болон ОХУ стратегийн зэвсэг хорогдуулах гэрээг таван жилээр сунгана

2021-01-28 11:33:58

АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөснөөсөө хойш анх удаа буюу энэ мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцсан байна. Энэ үеэр Байден, Путин нар Стратегийн зэвсэг хорогдуулах тухай гэрээг дахин таван жилээр сунгахаар тохиролцжээ.

Орос, Америкийн хооронд үйлчилж байгаа цөмийн зэвсгийн цорын ганц гэрээ гэгддэг стратегийн зэвсэг хорогдуулах гэрээний үйлчлэх хугацаа ирэх сарын 5-нд дуусах гэж байгаатай холбогдуулан Америкийн шинэ ерөнхийлөгч Кремлийн тэргүүн нар анх удаа утсаар ярихдаа уг гэрээний суудлыг нэн тэргүүнд тавьсан аж.

Хоёр тал цөмийн зэвсэг хорогдуулах тухай уг гэрээг сунгах тухай ноот бичиг солилцож, гэрээг сунгах үйл явцыг ойрын хэд хоногт багтаан дуусгах юм байна. Орос, Америк 2010 онд гарын үсэг зурсан Стратегийн зэвсэг хорогдуулах тухай энэ гэрээ нь дэлхийн зэвсгийн хяналтын тулгуур баримт бичигт тооцогддог.

Уг гэрээгээр дэлхийд хамгийн их цөмийн зэвсэгтэй хоёр гүрний цөмийн цэнэгт хошуу, тив алгасагч баллистик пуужин, болон бөмбөгдөгч онгоцны тоог хязгаарладаг. Вашингтон, Москва хоёр Трампын засаг захиргааны үед уг гэрээг сунгах асуудал дээр байр суурины зөрүүгээ арилгаж чадаагүй юм. Ерөнхийлөгч асан Трамп гэрээнд нөхцөл тавих сонирхолтой байсан нь Москватай тохиролцоонд хүрэхэд нь саад болж байсан гэж шинжээчид үздэг юм. Байден, Путин нар утсаар ярихдаа цөмийн гэрээг сунгахаас гадна "COVID-19" цар тахал, Ираны цөмийн гэрээ, Украины байдал, мөн худалдаа, эдийн засгийн асуудлуудыг голлон ярилцсан.

Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Байден Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс нөлөөлсөн гэх асуудал болон Орост сөрөг хүчний тэмцэгч Алексей Навальныйг баривчлан хорьсон зэрэг асуудлыг хөндсөн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Харин Тасс хоёр удирдагч гэрээг сунгах тохиролцоондоо сэтгэл хангалуун байгаа. Цаашид харилцаагаа хадгалахаар тохирсон.

Путин АНУ-ын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэж, ажлын амжилт хүссэн, хоёр орны харилцааг хэвийн болгох нь аль алиных нь ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцолсон гэж Кремлийн байр суурийг иш татан мэдээлсэн ч утсаар ярих үеэр хөндөгдсөн зарим асуудлын талаар дурдаагүй аж. Өрнөдийн зарим хэвлэлд Байден, Путин нарын аль аль нь харилцаагаа урагшлуулахаар тохирсон гэж мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон ОХУ стратегийн зэвсэг хорогдуулах гэрээг таван жилээр сунгана   
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй