Шууд Chart

Их Долоогийн бүлэг Навальныйг суллахыг шаарджээ

2021-01-28 11:42:05

Их долоогийн бүлгийн орнуудын гадаад харилцааны сайд нар болон Европын холбооны дээд төлөөлөгч ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг баривчилсан явдлыг зэмлэн буруутгаж, ямар нэгэн нөхцөл тавихгүйгээр, нэн даруй суллахыг шаардсан хамтарсан мэдэгдэл гаргалаа. Уг хамтарсан мэдэгдэлд Навальныйг баривчлан хорьсон нь улс төрийн зорилготой гэж тодорхойлсон байна.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагчдын нэг, 44 настай Алексей Навальныйг Германд эмчлүүлээд энэ сарын 17-нд эх орондоо ирмэгц нь нисэх онгоцны буудал дээр баривчлан саатуулсан. Түүнийг мөнгө угаасан хэргээр оногдуулсан 2014 оны тэнсэн харгалзах ялын хугацааг зөрчсөн үндэслэлээр баривчилсан.

Гэхдээ Навальный мөнгө угаасан гэх хэргийг хууль бус гэж үзэж байгаа юм.  Навальныйг баривчилсан үйл явц ОХУ даяар эсэргүүцлийн өргөн хэмжээний жагсаал өрнөхөд хүргэж, Өрнөдийн улс орнуудаас шүүмжлэл, шахалттай тулгарч байна. ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр 3700 гаруй жагсагчийг баривчлан саатуулж, заримд нь хэрэг үүсгэж байна. Долоогийн бүлгийн гадаад харилцааны сайд нар хамтарсан мэдэгдэлдээ “ОХУ-д болсон жагсаалын үеэр олон мянган жагсагч, сэтгүүлчдийг баривчлан хорьсон явдалд ихээхэн санаа зовниж байгаагаа” илэрхийлж, тэднийг суллаж, хүний эрх ялангуяа дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг хамгаалахыг ОХУ-д уриалсан байна.

Харин ОХУ-ын засгийн газар Навальныйг хорьсон нь улс төрийн шалтгаангүй гэсэн байр сууриа хадгалж байна.  Европын холбоо, Долоогийн бүлэг Оросын эсрэг дипломат шахалт үзүүлж байна, энэ нь цаашид Оросын эсрэг Өрнөдийн хориг арга хэмжээг чангатгахад хүргэж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна. Долоогийн бүлэгт Канад, Франц, Герман, Итали, Япон, Британи, АНУ зэрэг орнууд багтдаг. Өмнө нь ОХУ энэ бүлэгт багтаж, 8-ийн бүлэг гэж байсан. Гэвч ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэснээс үүдэж, 2014 онд ОХУ-ыг 8-ийн бүлгээс хассан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Долоогийн бүлэг Навальныйг суллахыг шаарджээ   
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй