Шууд Chart

Наро Банчэн гэгээн: Өглөө бүрийг бусдыг жаргалтай байгаасай, тус больё гэсэн сэдлээр эхлүүл

2021-02-19 09:41:06

Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна.

“Юмсыг зөвхөн өөрийн хүслээр байлгах гэсэн хандлага нь сэтгэл давчдаж, өчүүхэн зүйлд хямран бусдад төвөг, өөртөө сэтгэлийн зовлон нэмнэ. Харин бусдыг хүндэтгэн, бусдыг энэрч хайрласан хандлага нь сэтгэл уужран тэлж бусдад ч өөрт ч амгалантай!”

“Эерэг хандлага эрүүл байхын үндэс. Хамаг амьтан эрүүл энх байх болтугай!”

 “Бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл нь буян хураах жаргалтай байхын үндэс юм”.

 “Та өөрийн гэртээ амар тайван байхыг хүсдэг шиг амьтад ч амьдарч буй орчиндоо амар тайван байхыг хүснэ. Сайн үйлийн үрд амгалан, муу үйлийн үрд зовлон гарах нь шүтэн барилдлага хуурмаггүйн ёс. Байгаль дэлхийгээ хайрлая”.

 “Аливаа зүйлийг ухаалгаар харж өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдрэн сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх олон шалтгаан бидэнд бий...”

 “Бусдын төлөө гэх сайхан сэтгэлгүй бол хүмүүсийн хооронд итгэлцэл бий болохгүй. Итгэлцэл үгүй бол бие биенээ хардаж сэрдэх тэргүүтнээр эв эеэ эвдэж зорьсон хамтын ажил үйл бүтэхэд бэрхшээлтэй болно.

Харин бусдын төлөө гэх сайхан сэтгэлтэй бол хүмүүсийн хооронд итгэлцэл бий болж хамтарч ажил үйл хийхэд урамтай, ажил үйлс ч бүтэмжтэй байх нь шүтэн барилдлага, орчлонгийн жам ёс”.

“Ухаалгаар бусдыг энэрч хайрлах тусам сэтгэл амгалантай болдог...”

“Би зовлонг хүсдэггүй, аз жаргал хүсдэг шиг бусад ч мөн адил. Тиймээс өглөө бүрийг бусдыг жаргалтай байгаасай, би бусдад хор хүргэхгүй, аль чадахаараа тус больё гэсэн сэдлээр эхлүүлж, дадал болгох тусам сэтгэл дэх атаа хорсол, уур болон буруу сэтгэлийн хүч суларснаар сэтгэл амгалантай болох бөгөөд, буян хураах болно...”

 “Эрүүл хэрнээ бусдад байгаа зүйлс надад алга, жаргалтай байх шалтгаан байхгүй мэт гомдолох хүмүүс байна. Гэвч  аз жаргал хүн бүхэнд харилцан адилгүй жишээ нь хоёр хөл нь өвчтэй  хүний хувьд алхаж чадвал маш их аз жаргалыг мэдрэх болно. Гэтэл эрүүл алхаж чадаж байгаа хүмүүс энэ үнэ цэнээ мэдэрвэл маш аз жаргалтай байх ч боломжтой. Өөрт байгаа  зүйлийнхээ  үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадахгүй л бол шунал, хүсэл хязгааргүй учраас юу ч байсан жаргалтай байх боломжгүй. Тиймээс өөрт байгаа зүйлсийн үнэ цэнийг мэдэрч сэтгэл ханамжтай байж чадвал жаргалтай байх маш олон шалтгаан бидэнд бий”.

 

“Ёроолгүй орчлонгийн түмэн зовлонгоос гэтлэх болон

Олон амьтныг аюулаас аврахыг хүсэх ба

Түмэн амгалан, буман жаргалыг эдлэхийг хүсвээс ч

Тэнсэлгүй бодь сэтгэлийг хэзээд бүү орхитугай!”

“Амин ч үзэл ихсэх тусам бүх зүйлсийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсч сэтгэлд нь нийцэхгүй өчүүхэн жижиг зүйлд хүртэл маш их уур бухимдал төрдөг. Уур бол бусдыг хорлох сэтгэл юм. Энэ сэтгэл хүчтэй төрснөөр дайсан, өш хонзон, хэрүүл тэмцэл ихсэж, эв эе суларч, сэтгэлийн амар амгалан үгүй болдог. Бидний хэн нь ч зовлонг хүсдэггүй. Хүн бүр өстөн дайсан ч тэр аз жаргалыг хүснэ. Өөрөөсөө илүү бусдыг гэх сэтгэл ихсэх тусам сэтгэл амгалан, найз нөхөд арвидаж, эв эе батаждаг”

“Амар амгалан, аз жаргалтай байна гэдэг сэтгэлийг хэрхэн удирдан залахаас их хамаарна. Сэтгэлээ удирдан залагч нь та өөрөө”

“Ганц өөрийн биеэ боддог хүний сэтгэл, оюун сул дорой байдаг. Амин хувиа хичээх үзлээр "авах" болон "харамлах" дадал зуршилтай болно. Энэ дадал зуршлын эрхээр сэтгэл атаа хорсол, айдас, шунал, уураар эзлэгддэг учраас бодит байдлыг байгаагаар харж чаддаггүй. Өөрийгөө ч бусдыг ч амгалангүй болгож зовлонд учруулах үйлийг өөрийн эрхгүй хийдэг. Өөрөөсөө илүү бусдыг гэх хүний сэтгэл оюун хүчирхэг байдаг. Бусдыг жаргалтай байгаасай битгий зовоосой гэсэн сэтгэлээр үг, үйлдэл бусдад хорлолгүй болсноор сэтгэл нь уужуу, саруул ухаанаар бодит байдлыг байгаагаар нь харж чаддаг. Бусдын итгэлийг үргэлж дааж, ажил үйлс нь ч амар хялбар бүтдэг бөгөөд зовох цагт нь маш олон хүн гар сунган туслахад бэлэн байдаг. Сэтгэлийн энэ хандлага өөрт болон бусдад ч амар амгаланг өгөх нь илэрхий. Энэ нийгэмд сайхан сэтгэл, ёс суртахуун л дутагдаж байна”

“Бодит байдлыг байгаагаар нь таньж мэдэх нь чухал хэзээ нэг өдөр бид үхэлтэй нүүр тулна. Үүнийг ойлгох тусам амьдрал хийгээд аз жаргалын талаарх бидний ойлголтууд өөрчлөгддөг. Мөнх бусыг ойлгох тусам зөвхөн таван мэдрэхүйн хязгаарт баригдсан аз жаргалын талаарх хэвшмэл ойлголтууд улам бүр суларч, дотоод сэтгэлийн амар амгаланг улам бүр эрэлхийлдэг. Тэгэхээр цаг хором бүхнийг үнэ цэнэтэй, бодит байдлыг таньж мэдэхэд суралцан, бусдад тусалж, аз жаргалтай өнгөрүүлэх хэрэгтэй”

“Асуудал, бэрхшээлийн уг шалтгааныг зөв олж тогтоохгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Бидний өмнө тулгамдаад буй авилгал, шударга бус байдал тэргүүтэй ёс суртахууны доройтол нь зөвхөн амин хувиа бодсон үзлээс гарч байгаа нь илэрхий байна. Үүнийг засахын тулд дан ганц ухаалаг тархитай байгаад хангалтгүй. Ёс суртахуун, сайхан сэтгэл хэрэгтэй. Тиймээс бид боловсролын системд ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхын ашиг тусыг учир шалтгааны үүднээс тайлбарлан ойлгуулдаг сургалтын арга барилыг нэвтрүүлэхгүй л бол өнөөгийн энэ асуудал ирээдүйд ч байсаар байна. Хүүхдэд багаас нь ёс суртахуун, сайхан сэтгэлийн ач тусыг учир шалтгааны үүднээс зөв тайлбарлан ойлгуулбал тэдний сэтгэл оюунд ёс суртахуун аяндаа бүрэлдэн тогтож, зөв бурууг ялган шийдвэр гаргаж чаддаг, бусдыг хайрлаж хүндэлдэг бие хүн болж төлөвших боломжтой болно”

 “Хүн бүр харилцан адилгүй үзэл бодолтой учраас бүгдээрээ ижилхэн шашинтай ч юм уу, эсвэл бүгдээрээ шашингүй үзэлтэн болох боломжгүй. Гэвч харилцан адилгүй үзэл бодолтой ч бүгдээрээ амар амгалан, аз жаргал хүсдэгээрээ адилхан. Бусдын бодлыг хүндэтгэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй бол өөртөө сэтгэлийн зовлон нэмэхээс цаашгүй. Ямартай ч бидэнд юмс үзэгдлийн учир шалтгаан, харилцан хамаарлыг зөв, баттай таньсан мэдлэг хэрэгтэй. Үнэн баттай мэдлэггүйгээс болоод бодит байдалтай үл зохицсон буруу бодол, мухар сүсэг, амин хувиа бодсон үзэл бий болж байна. Энэ нь сэтгэлийг тавгүй болгож улмаар бусдыг хорлох зэрэг гэм ихтэй. Тэгэхээр зовлонг хүсэхгүй л байгаа бол буруу бодлын эсрэг баттай мэдлэг, амин хувиа бодсон үзлийн эсрэг бусдыг бодсон сайхан сэтгэл хэрэгтэй”

 “Буддизм бол сүсэг бишрэл төдий бус юмсын мөн чанарыг учир шалтгаан, нарийн логик шинжлэлийн үүднээс таньж мэддэгээрээ шинжлэх ухаантай ижил. Хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршдог ч хүмүүсийн мэддэггүй байсан гадаад зүй тогтлыг шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр нээн илрүүлдэг шиг Буддизмийг судалснаар дотоод сэтгэлийнхээ зүй тогтлыг нээн илрүүлэх боломжтой”

 “Аз жаргал ч тэр, зовлон ч тэр шалтгаан нөхцөлийн эрхээр үүсдэг. Тиймээс бид аз жаргалыг үүсгэгч шалтгаан нөхцөл хийгээд зовлонг үүсгэгч шалтгаан нөхцөл хоёрыг сайтар таньж мэдвэл ямар шалтгааны эрхээр жаргах хийгээд зовдог болохоо мэдэж чадна. Сонголт бидний гарт байдаг”

"Бид бусдын хайр энэрлийн хүчээр амьдралаа эхлүүлж, бусдын тус дэмээр сурч боловсорч, бусдын тус дэмээр аж төрдөг. Энэ хорвоод төрсөн цагаасаа эхлээд л бид эцэг эхийнхээ энэрэл хайрын хүчээр хүн болж, өсөж торнидог. Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, бидний амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг. Тэд бидний төлөө өдөр бүр сэтгэлээ чилээж, бүхий л амьдралаа бидний тусын тулд зориулж, бидний төлөө амьдардаг. Загнаж зэмлэх нь хүртэл бидний тусын тулд, биднийг битгий зовоосой, битгий алдаж эндээсэй гэсэндээ зэмлэдэг.

Хожим харамсахгүйн тулд эцэг эхээ амьд байгаа дээр эцэг эхийнхээ ачийг хэдий чинээ санана төдий чинээгээр ачийг нь хариулж, санаа сэтгэлийг нь зовоохгүй байх юмсан гэх хүсэл төрнө. Эцэг эхийгээ ачласны буян хэмжээлшгүй их болохыг Бурхан багш айлдсан байдаг.

Өдөрт ядаж гурван удаа эцэг эхийнхээ ачийг санаж чадвал бидэнд гурван удаа эцэг эхийгээ ачлах хүсэл төрнө. Өдөрт гурван удаа зөв хүн байх юмсан гэх хүсэл төрнө. Бидний амьдрал эерэгээр өөрчлөгдөх гурван боломж".

"Дадал зуршлыг дагаж өөрчлөгдөх нь сэтгэлийн нэг чадамж. Бусдыг гэсэн хайр энэрлийг сэтгэлдээ дагуулвал аажим аажмаар бусдыг хайрлах чанарт сэтгэл дадаж ирнэ. Энэрэл хайр хэдий чинээ сэтгэлд дадна тэр чинээгээр муу сэтгэлийн хүч суларч хором мөч бүхэнд аз жаргалтай байх болно".

 "Аливаа мэдээллийг ажиглан шинжлэлгүйгээр итгэх нь хов жив, худал үгэнд автаж сэтгэл хямрахын шалтгаан болдог бол учир шалтгааны үүднээс нягтлан шинжиж үнэн, худлыг ялгадаг байх нь сэтгэлээ худал хуурмагаас сахихын уг суурь болно".

"Бидний амь нас мөнх биш. Маргааш амьд байхын баттай баталгаа байхгүй ч сэтгэлээ сургаж чадах ухаант хүний биеийг олж төрсөн нь одоо бидэнд байгаа боломж. Аз жаргалыг гаднаас, ирээдүйгээс холоос хайх шаардлагагүй.

Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрч жишээ нь эрүүл, ухаан саруул ...... байгаадаа сэтгэл хангалуун, бусдыг хайрлах сэтгэлээ хөгжүүлж бусдад тустай байвал хором мөч бүхэнд аз жаргалтай бөгөөд утга учиртай амьдарч чадна".

 "Гэр бүлд нэг ууртай хүн байхад бусдын тайван байдлыг үгүй болгодог бөгөөд уурын мөн чанар нь сэтгэлийн амгалан байдлыг үгүй хийж бусдыг хорлох сэтгэл юм. Тиймээс гэр бүл болон бусдыг чин сэтгэлээсээ жаргалтай байгаасай гэсэн сэтгэлийг дадал болгосноор өөрийн сэтгэл дэх уур багасаж, улмаар бусад хүмүүсийн сэтгэлд ч амар тайван, таатай нөлөө үзүүлэх бөгөөд эв түнжин батаждаг".

 "Aлдаагаа бусдад тохдог хүн алдаагаа ухаарч хөгжих боломжгүй байдаг. "Тэрнээс боллоо, тэр намайг уурлуулсан" гэх үед тэр хэн нэгэн нь өөрийг нь удирдсан нэгэн болно. Харин "Надаас боллоо, би өөрөө уурласан" гэх үед жолоодлого өөрийн гарт байх бөгөөд уурлахгүй байх нь ч өөрийн сонголт болж алдаагаа ухааран хөгжих боломж үргэлж бий болдог".

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Наро Банчэн гэгээн: Өглөө бүрийг бусдыг жаргалтай байгаасай, тус больё гэсэн сэдлээр эхлүүл  
Үзсэн: 14007 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй