Шууд Chart

Дэлхийн олон орноор аялахдаа монгол цэргүүдийн тухай магтаалыг харамгүй сонссон

2021-02-22 16:10:16

Энэ удаад аялагч Г.Ганхүүгийн сэтгэгдлийг сонслоо.

Би дэлхийн 120 орчим орноор аялсан хүн л дээ. Тэндээс би юу анзаарсан гэхээр Монгол цэргийн тэр агуу дайчин замналыг дэлхийн орнууд одоо ч мартаагүй байна. “Чингисийн баатрууд” л гэнэ. З.Алтай ах бид хоёр аяллын нэвтрүүлгээр явж байгаад энхийг сахиулагчидтайгаа санаандгүй таарсан юм. Тэгсэн нөгөө хэд маань бидэнд байдгаа өмнөө бариад, чадахаараа тусалж, хоол, унд болж байсан юм даг. Дараа нь монгол цэргүүдийг удирддаг баазын даргатай нь уулзахад “Монгол цэргүүд төрөлхийн дайчин хүмүүс. Ямар ч үүрэг өгсөн мадаггүй биелүүлдэг, цагийн байдлыг амархан тооцож, анхааралдаа авч чаддаг” гээд магтаж байсныг саяхан юм шиг л тодхон санагдаж байна.

Биднийг очсоноос хойших 10 жилийн дараа ч гэсэн Монгол цэрэг Монгол төрийн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлж, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах нөхцөлийг бүрдүүлэн дэлхийн халуун цэгүүдэд үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Дэлхий дахинд аливаа нэг улс дангаараа, бие дааж өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, өөрийгөө батлан хамгаалах нь өрөөсгөл агаад сул талтай болох нь нэгэнт тодорхой юм. Ийм нѳхцѳлд цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд энэ оролцоо маш чухал.

Өнөөдөр монголчууд бид дотооддоо нэгнээ элдвээр хэлж, цахим сүлжээгээр доромжилж, эв түнжингүй мэт харагдавч гадагшаа гарахаараа нэгдмэл, зохион байгуулалттай байж чаддаг юм билээ. Таарч байсан олон жишээ баримтаас харахад. Мэдээж цэргийнхэн дэг журамтайгаараа өөр л дөө, гэхдээ нийтлэг төрхөөрөө монголчууд цөмөөрөө ажилсаг, хөдөлмөрөөрөө гайхагдаж чаддаг юм. Цэргийнхнийг өөрөөр би бас Монгол төрийн ариун гал голомтыг үеийн үед манаж, тусгаар улсаа хамгаалж ирсэн дайчид хэлнэ. Өнөөдөр бид айх аюулгүй амар тайван бүр цахим сүлжээнд ардчиллын зарчмаар элдвээр маргалдаж байгаа нь үе үеийн дайчин цэрэг эрсийн маань бидэнд авчирсан эрх чөлөө. Монгол цэргийн түүх нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүх юм. Монголчууд эрт цагаас цэрэг-захиргааны нэгдмэл тогтолцоотой байж, газар нутаг, тусгаар тогтнолоо цэргийн хүчээр хамгаалсаар ирсэн цэрэг эрсийнхээ сүр хүч, сүлд хийморьт шүтэж, тэднийхээ алдар гавьяа, амжилт ололтыг бахархан дуурайх үүрэг, хариуцлага ард түмэн бидэнд байх ёстой. Энэ л биднийг хамгаалах ёстой гэдэг ухамсаргүй араншинтай байж ерөөсөө болохгүй. Харин ч эр хүн төрсөн л бол хугацаат цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалагч хэмээх энэ сайхан ажлыг бие, сэтгэлээрээ мэдрэх ёстой. Энх цагт бүтээн байгуулалтын өрнүүн хөдөлмөрөөр, бэрх цагт халуун амь, бүлээн цусаараа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хамгаалж, бүтээлцэж ирсэн Зэвсэгт хүчний нийт алба хаагчдадаа удахгүй болох орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ахлах дэслэгч Д.Болормаа


Дэлхийн олон орноор аялахдаа монгол цэргүүдийн тухай магтаалыг харамгүй сонссон  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй