Шууд Chart

Япон улсын эрчим хүчний салбарын туршлага танилцуулах цахим сургалт боллоо

2021-02-22 17:11:39

Монгол Улсын Эрчим хүчний яам /ЭХЯ/-ны гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Шизуока мужийн захиргаа болон төвийн бүсийн эрчим хүчний “CHUBU Electric Power” компанитай хамтран 2021 оны 02 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Япон Улсын эрчим хүчний салбарын туршлага танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Эрчим хүчний нэгдсэн сүлжээний удирдлага, системийн зохицуулалт; Сэргээгдэх эрчим хүч, баттерей хуримтлуур; Дэд станц ба засвар үйлчилгээ; Цахилгаан дамжуулах шугамын тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ; Цахилгаан түгээх шугамын тоноглол, засвар үйлчилгээ; Хамаока цөмийн цахилгаан станц зэрэг сэдвүүдийн хүрээнд “CHUBU Electric Power” компанийн үйл ажиллагаатай цахимаар танилцлаа. Сургалтад ЭХЯ, "Диспетчерийн үндэсний төв" ХК, "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн", "Эрчим хүчний хөгжлийн төв", "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв", “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Алтай-Улиастайн Эрчим хүчний систем”, “Баруун бүсийн эрчим хүчний систем”, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”,  "Дорнод бүсийн эрчим хүчний систем", “Дулааны цахилгаан станц-3”, “Дулааны цахилгаан станц-4”, “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ”,  “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”, "Хөвсгөл-Эрчим хүч”, “Увс цахилгаан түгээх сүлжээ” зэрэг эрчим хүчний 18 үйлдвэр, компанийн 50 орчим инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд оролцлоо.  

Энэхүү хамтын ажиллагааг Шизуока мужийн захирагч Кавакацү Хэйта-гийн санаачилгаар эхлүүлсэн бөгөөд CHUBU Electric Power компанид 2013 оноос эхлэн жил бүр гурван мэргэжилтэнг Япон Улсад суралцуулж, 2019 он гэхэд нийт 18 хүнийг хамруулаад байсан юм.

Харин 2020 онд КОВИД-19 цар тахлын улмаас сургалтад оролцогчдыг Япон Улсад урьж, суралцуулах боломжгүй болсон тул энэ удаагийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтыг богино хугацаанд, цахим хэлбэрээр хийсэн нь CHUBU компани дээр биеэр очиж, дадлага хийдэг байсан өмнөх сургалтуудтай харьцуулахад илүү хязгаарлагдмал нөхцөл байдалтай байсан ч илүү олон хүнийг, өөр өөр бүс нутгаас хамруулж, Япон Улсын эрчим хүчний салбарын туршлагатай танилцах боломжийг олгосон хүртээмжтэй байдлаараа онцлог боллоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.


Япон улсын эрчим хүчний салбарын туршлага танилцуулах цахим сургалт боллоо  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй