Шууд Chart

"Хөх тэнгэрийн хязгаарт" киноны нээлт болов

2021-02-26 12:54:59

2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Токио хотын “Шинжюкү Пикадели” кино театрт Монгол, Японы хамтарсан уран бүтээл “Хөх тэнгэрийн хязгаарт” (“Under the turquoise sky” http://undertheturquoisesky.com ) киноны нээлтийн ажиллагаа зохион байгуулагдав.
 
“Хөх тэнгэрийн хязгаарт” киноны зохиолыг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Амарсайхан бичиж, киног Японы нэрт найруулагч Кэнтаро найруулсан байна. Киноны гол дүрүүдэд Монгол Улсын СТА, жүжигчин Б.Амарсайхан, Каннын кино наадмаас “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг Азиас хамгийн анх хүртсэн Японы алдарт жүжигчин Ю.Ягира нар тогложээ.
 
Уг кино ХБНГУ-ын Манхайм хотноо өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан Манхайм-Хайдельбергийн олон улсын 68 дахь удаагийн кино наадам (“International Film Festival Mannheim-Heidelberg”)-ын нээлтийн киногоор шалгарч олон улсад нээлтээ хийсэн бөгөөд дээрх наадмаас “Talent awards” буюу Шилдэг уран бүтээлийн шагнал, “FIPRESCI Awards” буюу Олон улсын мэргэжлийн кино шүүмжлэгчдийн холбооны нэрэмжит шагналыг тус тус хүртсэн байна.
 
Киноны зураг авалтын 80 хувь нь Монгол Улсад, 20 хувь нь Япон Улсад, пост-продакшн нь Франц Улсад хийгджээ.
 
Киноны нээлтийг үзэж сонирхсон япон иргэд “Маш сайхан кино үзлээ”, “Амьралын үнэт зүйлсийг дахин эргэцүүллээ”, “Монголын үзэсгэлэнт байгалийг биширлээ”, “Сонирхолтой байлаа” гэх зэргээр жиргэсэн байна.
 
“Хөх тэнгэрийн хязгаарт” уран сайхны кино 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс Япон Улс даяар кино театруудад гарна. 

"Хөх тэнгэрийн хязгаарт" киноны нээлт болов   
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй