Шууд Chart

Х.Мөнхзул: Байнга үглэж, загнах нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр

2021-02-26 15:12:19

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзултай жендэрийн тэгш эрх, гэр бүлийн хүчирхийллийн зарим асуудлаар ярилцлаа. 

-Жендэр гээд ярихаар зарим нь эмэгтэйчүүдийг өөгшүүлээд гэх байдлаар хандах нь бий. Ер нь жендэр гэж юу болох талаар мэдээлэл өгвөл?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн амьдралд тэгш оролцож, нийгмийн баялгаасаа тэгш хүртэх ёстой. Гэсэн хэдий ч эмэгтэй, эрэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд маш ялгаатай байдлыг бий болгочихсон байдаг. Тэгэхээр хүйс гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүмүүсийн биологийн ялгааг л хэлээд байгаа юм. Жендэр гэдэг нь нийгмийн харилцаан дээр гарч байгаа ялгааг хэлнэ. Хүйс бол хэзээ ч хувьсан өөрчлөгдөхгүй биологийн эрхтэн. Харин улс төр, эдийн засаг,  гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэж байгаа үүрэг хүлээж байгаа хариуцлага нийгэмд тогтсон ойлголт үзэл хандлагыг жендэр гэнэ. Тэгэхээр энэ жендерийн ойлголт маань цагаар хувьсан өөрчлөгдөж байдаг хувьсамтгай ойлголт. Энэ нь гэр бүлийн харилцаанд илэрдэг, нийгмийн харилцаанд ч илэрдэг. Жишээ нь улс төр, нийгэмд манлайлж байгаа, шийдвэр гаргах төвшний эмэгтэй хүнийг хэний татаас тусламжаар гарчихав. Ард нь нөлөө бүхий хүн байгаа гэх ч юмуу. Гэтэл эрчүүдийг мундаг эрдэмтэй, чадалтай хүн гэж үздэг. Хүүхдээ сайн асардаг эмэгтэй хүнийг юу гэдэг вэ гэхээр ээж хүний хийдэг л ажил, байх ёстой зүйл гэж хардаг бол эрэгтэй хүнийг маш сайн аав, мундаг аав гэж үздэг. Өөр жишээгээр хааш, яаж хувцасласан эрэгтэй хүнийг гүн дүйгүй, элдэв маяггүй сайхан эр хүн гэж хардаг бол эмэгтэй хүнийг арчаагүй, сул дорой гэж үздэг. Энэ тал дээр нийгмийн үнэлэмж нь хүртэл ялгаатай байдаг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд гүйцэтгэж байгаа хариуцлага нь бас өөр байна. Жишээлбэл гэр бүлийн харилцаанд аав хүнийг гэр бүлээ авч явах ёстой, чадварлаг байх, зоригтой, хүчтэй байх ёстой гэсэн үүрэг хариуцлагыг нийгмээс тулгадаг. Харин эмэгтэй хүнийг гэр орноо сайхан цэмцгэр авч явах ёстой, мундаг гэрийн эзэгтэй байх ёстой гэх мэтчилэн. Дээр үед бол эмэгтэй хүнийг тогооны хүн гэж хэлдэг байлаа шүү дээ. Одоо харин харьцангуй өөрчлөгдөж нөхөр нь эхнэртээ тусладаг болсон. Гэсэн хэдий ч зарим хүмүүсийн үзэл хандлага хэвээрээ л байна. Эмэгтэй хүнийг улс төрд гарах, нийгэмд байр суурь эзлэх байтугай торонд байгаа шувуу шиг эмэгтэй хүн гоё ганган байх ёстой, гэртээ л байх хэрэгтэй гэсэн хандлага байсаар байгаа. Үүнийг жендэрийн хэвшмэл ойлголт гэдэг.

-Эрэгтэй хүнийг өрхийн тэргүүн, эмэгтэй хүнийг тогооны хүн гэдэг ойлголтыг л хэлээд байна аа даа?

-Жендэрийн эрхийн асуудлыг хүмүүс эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэж ярьдаг л даа. Гэтэл энэ эрчүүдийн ч бас асуудал. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нийгмийн амьдралдаа тэгш оролцъё, нийгмийн баялгаа тэгш хүртье, нийгэмдээ адилхан үнэлүүлье. Гэтэл бидний эрчүүд өрхийн тэргүүн байх ёстой, хүчтэй байж, уйлж болохгүй гэсэн үзэл чинь өөрөө хүнийг ялгаварлан хадуурхалтыг, жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгох суурь нөхцлийг бүрдүүлээд байдаг. Энгийн жишээг дурдахад 5 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд гүйж яваад адилхан унахад эрэгтэйг нь чи эрэгтэй хүүхэд байж уйллаа, болохгүй гэж хэлчихээд охиноо болохоор эвий миний охин гэж аргаддаг. Ирээдүйд гэр бүлтэй боллоо гэхэд эрэгтэй хүн хогоо асгах, үнсээ асгахад чи хог асгалаа , хийморь сүлд нь доройтлоо гэсэн зүйлсийг ярьж эхэлдэг. Харин эхнэр нь чи хүчтэй байх ёстой, энэ гэрт мөнгө олох ёстой гэсэн үзэл хандлагыг ихээр гаргадаг. Эрэгтэйчүүд ийм үзэл хандлагаас болж дарамтанд орох, архинд орох нь бий. Нийгэм, гэр бүлээс үүссэн стресс бухимдлыг уйлж тайлж болохгүй учраас архи уух, агсан тавих, зодоон хийх хэлбэрээр тайлдаг. Саяхан нэг статистик тоон мэдээ гарсан. Дэлхий дахинд хүмүүсийн амиа хорлолтоор манай Монгол улс гуравт жагсаж байна. Энэ амиа хорлолтын 80 хувьд нь эрчүүд амиа хорлож байна. Эрчүүд уйлж болохгүй, хүчтэй байх ёстой, хүн бүр дээр очиж зовлонгоо тоочсон, шалчиганасан зантай байж болохгүй гэсэн хандлага маш их нөлөөлж байгаа. Ийм байдал л жендэрийн ялгаатай байдлыг гаргаж ирдэг. Тэгэхээр эдгээр жижиг үзэл хандлагууд нийгэм дээр ялгаатай байдлыг бий болгоод байгаа юм. Бидний амьдралын том жижиг асуудлын суурь хүчин зүйл нь жендэрийн ялгаатай байдлаас үүсэж байгаа юм болов уу гэж харж байна.

Бид нийгмээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс ийм байх ёстой гэсэн стандартыг тулгачихдаг. Эрчүүд яагаад цэцэрлэгийн багш байж болохгүй гэж. Яагаад заавал цэрэг, цагдаа хүчний ажлыг голчлон хийх ёстой гэж.

-Энэ үзэл хандлага юунаас эхтэй байна. Мөн хэрхэн бууруулах вэ. Үүний тулд бид юу хийх ёстой юм бол

-Бид энэхүү үүрэг, хариуцлага ноогдуулж байгаа асуудлыг хэвшмэл ойголт гэж үздэг. Тэгэхээр үүнийг соёл, уламжлал бий болгоод байгаа юм. Соёл гэдэг нь үеэс үед уламжлагдан ирж байдаг. Соёл нь өөрөө гэр бүлийн харилцаа, уламжлалаас үүсэлтэй болж эхэлдэг. Мөн боловсролоор дамжиж тухайн хэвшмэл ойлголтууд улам дэвэрч бэхждэг. Мөн шашин, соёл урлаг нөлөөлж байна. Жишээлбэл зарим нэг хэлц үгсийг авч үзье. Эхнэр илжиг хоёрыг сард нэг гөв, эр муу ч эмийн дээр, эм хүн үс урт ухаан богино, оргүйгээс охинтой нь дээр гэх зэрэг үзэл хандлагууд эмэгтэй хүнийг сул дорой, хэн нэгний эрхшээлд байх ёстой гэсэн үзэл хандлагыг бий болгоод байна. Саяхан фэйсбүүкээр нэг Энэтхэгийн богино хэмжээний видео явж байсан. Аав нь гэр бүл болсон охиндоо очсон чинь охин нь утсаар ярингаа хоолоо хийгээд л, хүүхдээ асраад, нөхрөө халамжлаад, бүх зүйлийг зэрэг амжуулж байгаа үзэгдэл гарч байгаа юм. Харин хүргэнээ харсан чинь ТВ үзээд л, диван дээр суучихсан, сонин уншаад, өөрийгөө амраагаад байж байдаг. Энэ байдлыг аав нь харангуутаа нээрээ л би ч залуудаа ийм л байсан шүү дээ гээд охиноо өрөвдөж суудаг. Тэгээд гэртээ харингуутаа эхнэртээ тусалж эхэлдэг. Ийм дүрслэлийг тухайн видеон дээр үзүүлж байсан. Тэр гэр бүлээс сурсан зүйлээ л давтаж байгаа юм. Охин ч үүнийг асуудал гэж харахаас илүүтэй өөрийнх нь үүрэг гэж хүлээж авдаг болчихсон. Ингэж л бид бүхэн гэр бүлийн харилцаа, орчноосоо суралцсаар л байдаг.

-Жендэрийн мэдрэмж гэдэг зүйлийг гэрийн бүлийн төвшинд онцгой анхаарч үзэх цаг болсон гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал, ханиа сонгохдоо л хэр жендэрийн мэдрэмжтэй хүн бэ гэдгийг нь хүртэл анзаарч харж байгаарай гэсэн зөвлөгөөг өгдөг. Энэ талаар?

-Бид Үндсэн хуулиараа эрэгтэй эмэгтэй хүмүүс бүх харилцаанд тэгш эрхтэй байна гээд заачихсан. Тэгэхээр заавал бүх ачааг эрэгтэйчүүдэд үүрүүлэх гээд байна гэсэн ойлголт биш нийгмийн харилцаанд орох, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх энэ бүх боломж нь тэгш байх ёстой л гэсэн зарчим. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь ажилтай, аль эсвэл хэн хэн нь сурах гэж байгаа бол гэр бүлийнхээ асуудлыг хамтран үүрэх, өөр байдлаар зохицуулаад явах нь чухал.

-Амьдрал дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сурч боловсрох ажил хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл нь тэгш хангагдаж чадаж байна уу. Би нэг судалгаа уншиж байхад жижиг, дунд, гарааны бизнес эрхлэх хүсэлтэй төсөл хөтөлбөрийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд ирүүлсэн байдаг. Гэтэл яг зээл авсан хүмүүсийг нь харахаар эрэгтэйчүүд нь давамгай байсан. Мөн өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх орон нутгийн сургалт семинарт эмэгтэйчүүд түлхүү оролцдог бол эрэгтэйчүүд гадаад руу, аль эсвэл хотод болж байгаа сургалт дамжаад илүү оролцдог гэсэн дүнг харж байсан. Эдгээр нь жендэрийн тэгш байдал алдагдаж байгаа жишээнд орох уу?

-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүйсээрээ л ялгаатай. Гэтэл нийгмийн амьдрал дээр маш олон зүйлээр ялгаатай болчхоод байна. Тэдгээрийн хоёр жишээг та дурдлаа. Сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх гээд бүх зүйл нь энэ эрэгтэйчүүдийнх, энэ эмэгтэйчүүдийнх гээд зааглаад ялгаад өгчихсөн юм шиг хэв маяг олон жил явж ирсэн. Эрүүл мэнд дээр эрэгтэйчүүдийн өвчлөл өндөр байдаг. Дундаж наслалт нь эмэгтэйчүүдийнхээс 10 насаар доогуур байна. Боловсролын түвшингээрээ мөн эрэгтэйчүүд хоцрогдолтой байдаг. Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамрагддаг ч гэсэн дээд боловсролын төвшинд маш зөрөөтэй тоо гарч ирдэг болсон. Өнөөдөр их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын дийлэнх олонх нь охид бүсгүйчүүд байгаагаас харж болно.

Ажлын байрны нөхцөл байдлыг аваад үзэхээр цэрэг цагдаа, уул уурхай, улс төрд эрэгтэйчүүд давамгайлдаг бол эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд байдаг. Үүнийгээ дагаад цалин орлогын тэгш бус байдал бий болж байгаа юм.

Манай улс 2018 онд 58 дугаарт орж байсан бол 2020 оны үзүүлэлтээр 79 дүгээрт байна.

-Жендэрийн тэгш байдлаар нь аваад үзвэл манай улс 2018 оноос хойш 21 байраар ухарсан гэж та хэллээ. Яагаад ухрав, гол шалтгааныг нь юу гэж тодорхойлж байгаа вэ?

-Жендэрийн тэгш байдал алдагдаж байгаа гол зүйл нь шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн. Гэхдээ зүүн өмнөд азидаа гуравдугаарт ордог. Энэ нь хууль эрх зүй, тогтолцооны хувьд бүс нутагтаа харьцангуй бэхжсэн орон. Харин ухамсар, үзэл хандлагын хувьд, батлагдсан хууль журмаа биелүүлэх шатанд алдаа дутагдал байгаа нь судалгааны дүнд сөргөөр нөлөөлж байна.

-Жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь өнөөдөр яриад маргааш шийдчих асуудал биш. Үүнд ямар арга тактик хэрэгтэй, ямар цаг хугацаа шаардлагатай зэргээр судалж тооцоолсон зүйлүүд байгаа байх?

-Энэ бол тогтолцоог өөрчлөх, хүний хандлагыг өөрчлөх тухай асуудал. Энэ утгаараа мэдээж цаг хугацааны асуудал. 1800 оны үеэс л энэ жендрийн тэгш байдлын тухай асуудал яригдаж ирсэн. Өмнө нь эмэгтэйчүүд хөөрхөн байх ёстой, эр нөхрийнхөө халамжид байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байсан. Энэ нь цаг хугацаа нийгмийн хөгжлийн явцад жил ирэх  тусам өөрчлөгдөж, тэгш байх тэр зарчимдаа ойртож байгаа. Энэ бол төрөлхийн асуудал биш учраас нийгэм, эдийн засгийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж болох зүйл

-Та сая өргөн хүрээнд авч үзээд тодорхой тайлбар хэллээ. Жендэрийн асуудлыг өөр нэг гол сэдэв нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогддог. Энэ нөхцөл байдлын талаар ярилцъя?

-Энэ эмэгтэй миний эрхшээл, ноёрхолд байх ёстой гэсэн олон зуун жил явж ирсэн үзэл хандлага байгаа нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдоно. Цаашлаад ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг зэрэг асуудлууд нь хүчтэй нь хүчгүйгээ дийлэх, дарлах гэсэн үзэл хандлагатай. Араатан амьтад биш оюун ухаант хүн бол энэ үзэл ойлголтоос бүрэн ангижрах боломжтой. Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэл аль ч улс оронд байна. Ингэхдээ охид эмэгтэйчүүд, хүүхдүүд ихэвчлэн хохирогч болдог. Зарим тохиолдолд эрэгтэйчүүд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол байна.

-Эрэгтэйчүүд ямар тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг сэтгэл санааны, бие махбодын, бэлгийн, эдийн засгийн гэж хэв шинжээр нь ангилж болно. Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны дарамтад өртөх тохиолдол их байдаг. Тухайлбал, байнга үглэж, зандрах нэг төрлийн гэр бүлийн хүчирхийлэл. Саяхан нөхрөө чи ажил хий, мөнгө ол гээд гэрээс нь хөөгөөд гаргасан тохиолдол гарсан. Гэтэл Ковидын хөл хорионы улмаас ажил хийж мөнгө олох боломж нь ямар байгаа билээ гэдгээ бодох ёстой биз дээ.

Айл болгонд хэрүүл маргаан болж хэлэлцэх асуудлууд гардаг. Тэр болгоныг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбон тайлбарлаж болохгүй. Хэн нэгэн нь айдаст автах, хэн нэгэн нь давамгайлж байвал гэр бүлийн хүчирхийлэл болно.

-Гэр бүлийн хүчирхийлэлд охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү өртөж байгааг та хэлсэн. Цагдаа болон хүний эрхийн байгууллагуудад гомдол гаргаад шийдүүлэх гэхээр тэр нь түр зуурынх болчих гээд байдаг. Эргээд хамт л амьдрахаас хойш дахиад л айдаст автах, илүү их дарамтад орох вий гэсэн болгоомж байна. Тэгэхээр суурь асуудал, шалтгаан нөхцөлийг нь арилгахгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй юм шиг санагдаж байна? 

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь охид эмэгтэйчүүд байгаа учраас энэ асуудал зайлшгүй сөхөгдөж байна. Аливаа асуудал гарахаар өөрсдөө шийдэх гэж оролддог. Дараа нь аав ээждээ хэлнэ, найз нөхдөдөө хэлнэ. Бүр болохгүй тохиолдолд цагдаа болон хүний эрхийн байгууллагад ханддаг. Ойролцоогоор 7-8 жилийн дараа ийм нөхцөл байдалд тулж ирдэг гэсэн судалгаа байна. Яагаад ийм удаан үргэлжилдэг вэ гэхээр нэг алдаа дутагдал, үл ойлголцлоос болоод нөхөртөө зодууллаа. Дараа нь нөхөр нь уучлалт гуйна, “би дахиж тэгэхгүй, хайртай дуртай” гээд аргалчихдаг. Дахиад асуудал гарна дахиад уучлалт гуйна ингэж явсаар маш олон жил болчихсон байдаг. Үр хүүхэд, хөрөнгө санхүү гээд олон зүйлээр холбогдчихсон байдаг учраас тэр нөхцөл байдлаа орхиод явж чадахгүй, нөхцөл байдалдаа дасан зохицсон байх нь элбэг.

Нөгөө талдаа хууль эрх зүйн хувьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд гомдол гаргасан тохиолдолд хохирогчдод тэр бүр ашигтай байдаггүй. Цагдаад мэдэгдлээ зөвхөн сануулаад торгоод өнгөрөөнө. Гэтэл торгуулийн мөнгө нь гэр бүлийн санхүүгээс гарна. Цагдаагийн байгууллагаар хэрэг маргаанаа шийдүүлсний дараа улам илүү заналхийлэх, хүчирхийллийн далд хэлбэрт шилжих зэрэг сөрөг үр дагаврууд гарч ирнэ.

Тэгэхээр үзэл хандлагыг өөрчлөх бодлого хэрэгжихгүй байна. Шийтгэл зэмлэл нь ч гэсэн үзэл хандлагыг өөрчлөхөд чиглэхгүй байгаа нь энэ асуудлыг шийдэж чадахгүй, улам нэмэгдүүлэх, хүндрүүлэх хандлагатай болгож байгаа нь бас буруу.

-Үзэл хандлагатай хэрхэн тэмцэх вэ? 

-Хохирогч эмэгтэйчүүд аль болох нөхрөө хориулъя, цагдуулъя, торгуулъя гэж хүсдэггүй. Аль болох ойлгуулаад ухамсарлуулаад өгөхийг л хүсдэг. Харин хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдийг гурван хэсэгт хувааж үзэж болно. Нэгдүгээрт, бүх асуудлыг хүчирхийллийн аргаар шийдэх ухамсар хандлагатай хүн байна. Энэ нь гудамж талбайд ч, ажлын байран дээр ч, гэр бүлдээ ч хүчирхийллийн хэлбэрээр асуудлыг шийддэг хүмүүс байна. Ийм тохиолдолд хуулийн хатуу хариуцлага оногдуулж асуудлыг шийдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, ажлын стресс, бусадтай үл ойлголцсон уур бухимдлаа гэр бүлдээ ирж гаргадаг хүмүүс байна. Тэд буруу зан авир гаргаж, буруу үйлдэл хийж байгаагаа ухамсарласан ч өөрийн мэдэлгүй тэгэх нь байна.

Гурав дахь нь  мөн хүчирхийлэх нь буруу  зүйл гэдгийг мэддэг ч өөрийнхөө үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхгүй, буруугаа хүлээхгүй байгаа нөхцөлд эр бяраа гаргах нь байна. Ингээд үзэхээр хоёр, гурав дахь нөхцөлд хамаарах хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, ухамсар хандлагыг нь өөрчлөх, уур бухимдлаа хэрхэн тайлах, асуудлыг эвийн замаар яаж шийдэх талаар зааж чиглүүлж болно.

Тэгэхээр эхний ээлжинд сайн дурын сургалтуудыг хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл заавал гомдол саналд үндэслэхгүйгээр гэр бүл болсон л бол анхаарах асуудлуудынх нь талаар зааж сургаж болно. Жишээ нь манай хороонд энэ жил 100 гэр бүл шинээр нэмэгдлээ гэхэд тэр шинэ хосууддаа зориулсан арга хэмжээ зохион байгуулаад сургалт нөлөөллийн ажлаа хийгээд явах боломжтой гэсэн үг.

Сайн дурын сургалтад суухгүй, эхнэрээ, нөхрөө хүчирхийлсэн тохиолдолд албадан суулгах арга хэмжээ авч хэрэгжүүлж болно.  Манай Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сайн дурын болон албадан сургах талаар тусгасан ч хэрэгжилт хангалтгүй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Ц.Мөнхзул


Х.Мөнхзул: Байнга үглэж, загнах нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр   
Үзсэн: 5691 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй