Шууд Chart

Ереванд сөрөг хүчин болон ерөнхий сайдыг дэмжигчид жагсацгааж байна

2021-02-26 16:43:59

Арменийн Ерөнхий штабынхан Ерөнхий сайд Никол Пашинянаас албан тушаалаасаа огцрохыг шаардсаны дараа цэргийнхний энэ алхамд урам орсон сөрөг хүчнийхэн нийслэл хотынхоо төв талбайд гарч  жагсч  эхэлжээ. Түүний хамтаар төрийн эргэлт хийхийг оролдлоо хэмээн генералуудын  алхмуудыг шүүмжилсэн Ерөнхий сайдыг дэмжигчид ч зэрэгцэн  жагсацгаасан  байна.

Арменийн  Ерөнхий сайд  Ерөнхий штабын тэргүүн Оник  Гаспарянд хандаж албан тушаалаасаа  огцрохыг хариу  шаардсан. Гэхдээ  тус улсын  үндсэн хуулиар Ерөнхийлөгч л төв  штабын тэргүүнийг  огцруулах  эрхтэй байдаг байна.  Ерөнхий сайд Пашинян зарим улс төрчид цэргийнхнийг ашиглан төрийн эргэлт  хийхийг  чармайж байна хэмээн шүүмжилсэн байна. Харин сөрөг хүчний  удирдагчид парламентын гишүүд  Ерөнхий сайдыг огцруулах хүртэл  парламентын  ордны  гадна хаалт хамгаалалт босгож  шаардлагаа  тавихыг уриалж  байна.

Тус улсад  өрнөж  буй үйл  явдалд  сэтгэл  зовниж  байгаагаа олон улсын  удирдагчид, хамтын нийгэмлэгийнхэн  илэрхийлж  байна.  Европын аюулгүй  байдал, хамтын ажиллагааны байгууллагын  төлөөлөгчид болон  Туркийн гадаад хэргийн сайд   Арменийн  цэргийнхний шаардлагыг  эрс  буруушаан  шүүмжилж  байна. ардчиллын  зарчмаар  бус цэрэг, хүч  ашиглан   бослого эргэлт  гаргахыг  эрс  эсэргүүцэж  буйгаа тэд  илэрхийлсэн  байна.  Арменийн Ерөнхий сайд  Никол  Пашинян  өчигдөр мөн  ОХУ-ын  Ерөнхийлөгч  Владимир Путинтэй утсаар  ярьсан  байна.  Москва  хэдийгээр  тус улсад өрнөж  байгаа үйл  явдлыг  түгшүүртэйгээр  ажиглаж байгаа ч   энэ  хямрал   Арменийн  дотоод  асуудал  гэж үзэж  байгааг  өмнө нь илэрхийлсэн билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ереванд сөрөг хүчин болон ерөнхий сайдыг дэмжигчид жагсацгааж байна  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй