Шууд Chart

Ирэх даваа гарагаас орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд хичээллэж эхэлнэ

2021-02-27 09:47:59

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах бөгөөд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм.

Харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна.

Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэх юм.


Ирэх даваа гарагаас орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд хичээллэж эхэлнэ  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй