Шууд Chart

Марафонч Б.Сэр-Од “Токио-2020” олимпод оролцох болзлоо биелүүллээ

2021-03-01 09:32:13

Японы Оцү хотноо явагдсан Lake Biwa Mainichi Marathon-д хурд сорьсон Монголын тамирчин Бат-Очирын Сэр-Од 2 цаг 09 минут 26 секундын амжилт үзүүлж, “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлыг биелүүллээ.

1946 оноос эхлэн зохиогдсон, Японы хамгийн эртний марафонд тооцогддог, зөвхөн эрэгтэй гүйгчид оролцдог онцлогтой, Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны “Gold label” ангилалд багтдаг “Lake Biwa marathon”-д энэ жил цар тахлаас шалтгаалан зөвхөн Японы болон Японд бэлтгэл хийж буй гадны нийтдээ 450 гаруй марафонч хурд сорьжээ.

World Athletics буюу Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо нь олимпын наадамд оролцох болзол (entry mark) зай, төрөл тус бүр дээр тогтоодог бөгөөд марафон гүйлтэд эрэгтэйчүүд 2 цаг 11 минут 30 секундээс дотогш гүйж байж энэ болзлыг биелүүлдэг билээ. Энэ жил 39 настай Б.Сэр-Од анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008, 2012, 2016 оны олимпод дараалан оролцоод байгаа юм.

Мөн хөнгөн атлетикийн ДАШТ-д (хоёр жилд нэг удаа болдог) нийтдээ есөн удаа оролцсон ховор амжилтын эзэн бөгөөд Ази тивийн марафон гүйлтийн АШТ-ий аварга, мөнгөн медаль, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, БНХАУ, Япон, Их Британид болсон марафонд түрүүлж, Лондон, Берлин гээд дэлхийд зартай “Их хурд”-д эхний 10-т шалгарч байв. Түүнийг гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг билээ.

Дашрамд дурьдахад “Токио-2020” олимпын наадмын болзлыг манай хөнгөн атлетикчдаас марафон гүйлтээр өмнө нь Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар биелүүлсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Марафонч Б.Сэр-Од “Токио-2020” олимпод оролцох болзлоо биелүүллээ  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй