Шууд Chart

"Токио-2020" хороог эмэгтэй удирдагч тэргүүлнэ

2021-03-01 11:10:35

“Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр Япон Улсын олимпын сайд, “Альбервилль-1992” олимпын тэшүүрийн хүрэл медальт, 56 настай хатагтай Сейко Хашимото томилогджээ.

Тэрбээр Япон Улсын Ерөхий сайд Ёшихидэ Сүгатай уулзан, Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авч, Японы Засгийн газрын гишүүний албаа хүлээлгэн өгсөн байна. С.Хашимото нь Олимпын сайдын албыг хаших үедээ “Токио-2020” олимп, паралимпийн наадам, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендерийн тэгш байдлыг хариуцан ажиллаж байсан юм.

Үүнтэй холбоотойгоор ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Олимпын тамирчин С.Хашимото нь “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчөөр томилогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Олимпын наадамд Япон Улсын багийг удирдан оролцож, өөрөө ч тамирчин үедээ олимпын медаль хүртэж байсан хүн энэ албан тушаалыг хаших болсон нь маш зөв, хамгийн сайн сонголт боллоо” гэжээ.

Мөн ОУОХ нь “Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулахын тулд Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, Японы олимпын хороо, ЗБХ-той урьдын адил тууштай хамтарч ажиллана гэдгээ дурьдсан байна.

Түүнчлэн ОУОХ-ны Токио-2020 олимпын наадмыг зохицуулах комиссын дарга Жон Коутс “Бид Сейко Хашимотог Олимпын сайдаар томилогдсоноос хойш нягт хамтран ажиллаж ирсэн. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжихийг тэсэн ядан хүлээж байна. Түүний улс төрийн ажлын туршлага Зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд их хэрэг болно” гэж тэмдэглэжээ.

Сонирхуулахад, Сейко Хашимото нь нийт долоон удаа өвөл, зуны олимпын наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн ханан тойргийн уралдааны (Cycling track) төрлөөр өрсөлдөж байсан тамирчин бөгөөд Албервилль-1992 өвлийн олимпод тэшүүрийн 1500 метрийн зайд хүрэл медаль зүүж, Саппоро-1986 & 1990 Азийн өвлийн наадмаас нийт зургаан алтан медаль хүртэж байжээ.

Мөн эмэгтэйчүүдийн дугуйн ханан тойргийн төрөлд Азийн наадамд III байр эзэлсэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Токио-2020" хороог эмэгтэй удирдагч тэргүүлнэ  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй