Шууд Chart

Олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцлах асуудлыг танилцуулна

2021-03-01 11:45:16

“Токио-2020” олимпын эрх олгох боксын тэмцээн ирэх зургаадугаар сард Франц Улсын нийслэл Парис хотноо товлосон боловч тамирчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрх олгох сүүлчийн тэмцээн болон олимпын наадмын хооронд доод тал нь 30-45 хоногийн сэргэлтийн бэлтгэл хийх боломжийг тамирчдад олгох, тухайн улсын Засгийн газрын бодлогын дагуу “Ковид-19” карантины хугацаа, олон улсын аяллын хориг зэргийг харгалзан үзэж, ОУОХ-ны бокс хариуцсан ажлын хэсгээс (BTF-Boxing Task Force) эрх олгох хамгийн эцсийн тэмцээн болох Парисын олимпын эрхийн тэмцээнийг цуцлах асуудлыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд албан ёсоор танилцуулахаа мэдэгдлээ.

“Токио-2020” зуны XXXII oлимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн найман жинд 186, эмэгтэйчүүдийн таван жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм.

Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртээд байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх дөрөвдүгээр сард Лондон хотноо зохиогдох байсан ч мөн зургаадугаар сар хүртэл хойшилж, Америк тивийн эрх олгох тэмцээн ирэх тавдугаар сарын 10-16-нд Аргентин Улсын Буэнос Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох болов.

Боксын олимпын эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн ажлын хэсгийн өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар тогтлоо.

Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг квота хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийд гаргажээ.
Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй тамирчид нь сүүлийн дөрвөн жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээрх тогтсон квотын дагуу олгоно.

Энэхүү олимпын эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцлах асуудлыг танилцуулна  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй