Шууд Chart

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлт

2021-03-01 15:47:22

Дэлхийн Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Н.Яп Мариатоугийн ирүүлсэн илгээлтийг хүргэж байна.  

“Эрхэм хүндэт иргэний хамгаалалтын мэргэжилтнүүд, шинжээчид ээ,

 Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрт байгаа иргэний хамгаалалтын мэргэжилтэн, шинжээч та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Швейцарийн Холбооны Улсын Женев хотод төвтэй Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага 2021 онд үүсэн байгуулагдсны түүхт 90 жилийн ойн баяраа тэмдэглэж, дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй олон улсын байгууллагын нэг болж байна.

Тус байгууллага нь анх 1931 онд дайны үед эмзэг хүн ам, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах аюулгүй бүсийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Францын мэс засалч, генерал Жорж Сен-Паулын Женев хотноо байгуулсан Де Лиевийн Холбооноос үүсч хөгжсөн түүхтэй.

Цаашлаад 1972 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газар хоорондын байгууллага болон өргөжиж, улс орнуудын сайн сайхан байдлын төлөө байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгаас иргэн, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой юм.

 Энэхүү зорилго нь шат, шатны хариуцлагатай түшмэд та бүхний нөр их хүчин чармайлтаар амжилттай хэрэгжиж байна.  

Тиймээс баярт завшааныг ашиглан миний бие та бүхний эр зориг, шийдэмгий чанар иргэдийн амь нас, эд хөрөнгө, байгаль орчноо авран, хамгаалахын төлөө хүнд, хэцүү нөхцөл байдалд хэзээ ч бэлэн байдагт талархал илэрхийлье.

“Ковид-19” цар тахал дэлхий нийтэд тархсанаас хойш эр зориг, шийдэмгий байдлыг илүү ихээр шаардагдаж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19”-ийн халдварыг “цар тахал” хэмээн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тунхагласнаас хойш дэлхий даяар хурдацтай тархаж, өнөөдрийн байдлаар 200 гаруй орны 100 сая гаруй хүнд халдварлаад байна.

Вирусын тархалтыг хянах, цаашлаад зогсоохын тулд улс орнууд хүний хөдөлгөөний хязгаарлалт, хил хязгаарыг хаах зэрэг хатуу арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь бүх түвшний эдийн засгийн салбарт томоохон тасалдал үүсгэхэд хүргэлээ. Үүний үр дүнд Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар таамаглалаа огцом бууруулах болсон. Улс орнуудын эрсдэлт байдал, гамшгийн хариу арга хэмжээний чадавхид нөлөөлөх бүх бэрхшээлийг даван туулахын тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.

Иймд энэ жилийн Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг  “Үндэсний эдийн засгийг хадгалахад иргэний хүчтэй хамгаалал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Иргэний хамгаалалтын үеийн ажиллагаа нь хүчтэй байснаар үндэсний эдийн засгийг авч үлдэх юм.

Ихэнх тохиолдолд төсвийн төлөвлөлтийг ердийн нөхцөл байдлын дагуу загварчилдаг тул гамшигт тэсвэртэй нийгэмлэгийг бий болгохын төлөө иргэний хамгааллын үүднээс онцгой нөхцөл байдлыг харгалзан үндэсний стратегийг эргэн харах нь зайлшгүй чухал байна.

Энэ өдрийг тохиолдуулан Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын байгаль цаг уур, хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах хамтын чадавхыг бэхжүүлэхийн тулд бүх гишүүн эсвэл ажиглагч улс болон бусад бүх оролцогч талуудын дуу хоолойг сонсож байх үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно гэдгээ дахин хэлмээр байна.

Бид хамтдаа илүү хүчтэй.

Бид хамтдаа бүх бэрхшээлийг даван туулах болно” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлт  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй