Шууд Chart

"Их эзэн Чингис хааны өвөөр тэтгэгдсэн Монгол-Энэтхэгийн соёлын хэлхээ холбоо" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2021-03-03 09:38:59

"Их эзэн Чингис хааны өвөөр тэтгэгдсэн Монгол-Энэтхэгийн соёлын хэлхээ холбоо" гэрэл зургийн үзэсгэлэн Монгол Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнг Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан дэлгэж буй бөгөөд коронавирусийн халдварын улмаас нээлтийн өдөр хойшлогдон өнөөдөр хийж буй.

Монголын Үндэсний музей, Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Энэтхэг судлалын төв хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 12-ныг дуустал Монгол Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй байх аж.

Их Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн болох Алтан орд, Цагаадайн улс, Юанийн эзэнт улс, Ил хант улсаас өнөө цаг газар дээр юу үлдэж хоцорсныг харуулж буйгаараа энэхүү үзэсгэлэн онцлогтой.

Түүнчлэн үзэсгэлэнгийн дэлхийн Монголчууд хэсэгтээ Индо-Монголойд, Балбын Монголчууд, Афганистаны Хазарчууд (ХIII зуны монголчууд), Мяньмарын монгол гаралтнуудын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол-Энэтхэгийн эртний болон өнөө цагийн хэлхээ холбооны харилцааг гаргахыг зорьжээ. Тухайлбал, хоёр орны шинэ үеийн дипломат харилцааг 1955 онд тогтоосон, түүний дараах улс төрийн удирдагчдын айлчлалууд, хамтын ажиллагааг гаргасан байв.

Алтан орд улс, Ил хант улс, Цагаадайн улс Энэтхэг руу 1270-аад оноос довтолж, олзлогдсон Монгол цэргүүдийн Монголпури хотхон Делид байгуулагдсан түүхтэй.

Үзэсгэлэнгийн нээлтэд ШУА -ын түүх, хэл, ОУХ-ны хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд, судлаачид, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин О.Нямдаваа, Энэтхэг судлалын төвийн тэргүүн үзэсгэлэн зохион байгуулагч, ГХЯ –ны Азийн газрын дэд захирал н.Эрдэнэболд тэргүүнтэй дипломатч, Хууль зүйн Яам, ҮАБЗ, УИХ –ын ГХХ  ийн мэргэжилтэн, Хүмүүнлэгийн их сургууль, ШУТИС, СУИС ийн багш нар болон Монгол газрын тосны дарга Алтанцэцэг, Газрын тосны Энэтхэгийн талын дарга зэрэг албаны хүмүүс, Түвдэн Пэлжээ хийдийн хамба лам Гончигсүрэн нар оролцлоо.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Их эзэн Чингис хааны өвөөр тэтгэгдсэн Монгол-Энэтхэгийн соёлын хэлхээ холбоо" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ   
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй