Шууд Chart

Г.Отгонжаргал: Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын спортын нэгэн зуун” төслийг “MNB Sport” суваг хэрэгжүүлнэ

2021-03-05 09:44:39

МҮОНРТ-ийн “MNB Sport” сувгийн гурван жилийн ой өнөөдөр тохиож байна. Иймд тус сувгийн ерөнхий продюсер Гарьдшувуугийн Отгонжаргалтай ярилцаж, өмнөх болон одоо хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлынх нь талаар ярилцлаа.

-МҮОНРТ-ийн “MNB Sport” сувгийн гурван жилийн ой өнөөдөр тохиож буйд баяр хүргэе. Энэ хугацаанд танай хамт олон өөрийн гэсэн олон үзэгчийг бүрдүүлжээ. Үзэгчид ч спортын төрөлжсөн суваг нээгдсэнд “Ёстой л нүдээ олсон шийдвэр байлаа” хэмээн сайшааж байна ...

-Баярлалаа. Өмнө нь манай телевизийн “Чандмань” студиэс эхлээд “Таван цагираг” сонин гэх мэт зөвхөн спортын мэдээллийг түгээдэг биеэ даасан алба манай улсад олон байлаа. Үүнээс үүдэж спортын цогц мэдээллийг үзэгчдэд хүргэдэг тусгай суваг бий болгох шаардлагатай юм байна гэсэн шийдвэрийг МҮОНТ-ийн үе үеийн удирдлагууд санаачилж, 2018 оны гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийв. Тухайн үед IPTV-гийн 67 дугаар сувгаар гарч байсан.

-Сувгийн зорилго юу байгаа вэ?

-Спортын бүх арга хэмжээг цаг алдалгүй үзэгчдэд хүргэх, бүх насныханд зориулсан төрөлжсөн нэвтрүүлгийг бэлтгэхэд оршиж байгаа. Нээлт хэдийгээр 2018 онд болсон ч 2016 оноос “Спортын төрөлжсөн, биеэ даасан суваг байгуулъя” гэсэн төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Л.Нинжжамц бидний санал санаачлагыг дэмжин хэрэгжүүлсэнд талархдаг. Мөн энэ том төслийг ямар үндэс суурин дээр үргэлжлүүлэн бүтээх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгэхээр бидэнд энэ бүхэн бүрэн байна. Тодруулбал, МҮОНРТ-д асар их туршлагатай ажилтан байна. Байгуулагдсан цагаасаа л улсын их баяр наадмыг шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байсан. Мөн 2000 оны эхэн үеэс “Чандмань” студи байгуулагдаж байсан түүхтэй. Тиймээс тэдгээрийнхээ “галыг залгуулж”, спортын сувгаа нээсэн. Гэхдээ энэ ажлаа бий болгоход төр засгийн зүгээс ч спортын холбоод, зүтгэлтнүүдээс ч дэмжлэг хэрэгтэй байсан. Тэд ч дэмжсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон арван шууд дамжуулалт, үзэгчдэдээ зориулсан зорилтот нэвтрүүлэг, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэсээр байна.

-“Чандмань” студи байхад ч үзэгчид аль нэг тэмцээнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь үзэж чаддаггүй байсан. Тоймлоод ч үзүүлдэг байсан шүү дээ. Харин биеэ даасан суваг бий болсноор жишээ нь волейболын УАШТ-ийг үзэгчид телевизээрээ дэргэдээс нь үзэж байгаа юм шиг бүтэн тоглолтоор нь үздэг болсон. Гэхдээ энэ их ажлыг та бүхэн хэрхэн амжуулж байна вэ. Орон тооны хувьд сонирхуулаач ...

-Анх байгуулагдахад 35 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн бол одоогоор нэг ажилтан нэмэгдэж 36 болсон. МҮОНТ-ийн нэгдүгээр суваг болон “Монголын мэдээ” суваг өдөр бүр 17 цагийн эфир явуулдаг. Үүнтэй ижил манай суваг ч энэ тооны эфирийг үзэгчдэдээ хүргэсээр байна. Хэн нэгэн биеийнхээ эрүүл мэндийг хадгалахын тулд гимнастик хийх ёстой. Үүнд зориулж бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дасгал хөдөлгөөнийг теле хичээл маягаар зааж байна. Мөн хөл бөмбөг, шатрын гэх мэт холбоотой хамтарч цуврал нэвтрүүлгийг байнга явуулж байгаа. Биеийн тамир улсын хороотой хамтарч ажлын байрны дасгалыг ч ажил болгон хэрэгжүүлдэг. Үүнээс гадна эх орныхоо хийморь болсон алдарт тамирчдыг урьж “Манлайн баясгалан”, “Бахархал”, “Оддын замнал” зэрэг нэвтрүүлгээ үргэлжлүүлж байгаа.

-Хөл бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулсан. Хэдхэн сарын дараа “Токио-2020” зуны олимпын наадам болох гэж байна. Эдгээр томоохон тэмцээнийг шууд дамжуулахад хүндрэл хэр байдаг вэ. Энгийн үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй учир асуулаа ...

-Олон улсын зах зээлд спортын контент тодорхой хэмжээний ханштай болчихсон. Тэгэхээр тусгай эрхийг нь авахад нэлээн өндөр хэмжээний өртөг төлөх болдог. Олимпын наадам л гэхэд нэлээн хэдэн тэрбум төгрөгөөр яригдаж байна билээ. Мөн зарим олон улсын спортын шууд дамжуулах эрхийг бусад телевиз олон жилийн хугацаатайгаар авсан байдаг. Иймд нэг салбарт ажиллаж байгаа бид булаацалдаад байх нь утгагүй. Ямар ч байсан энэ жилийн олимпын наадмыг бүрэн эхээр нь шууд дамжуулан үзэгчдэдээ хүргэх талд хичээнгүйлэн ажиллаж байгаа.

-Олимпоос өмнө Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам болно. Үүнд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Энэ их ойд зориулж манай сувгийн хамт олон “Монголын спортын нэгэн зуун” гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “100 жилийн хугацаанд спортын салбарт ямар ямар түүхэн үйл явдал болсон бэ” гэдгийг үзэгчдэдээ толилуулах юм. Тодруулбал, анхны тэмцээн ямар төрлөөр болж байв, тэдгээр спортууд манай улсад анх хэрхэн үүсэн байгуулагдав, заал танхим хэрхэн баригдаж байв гэх зэргээр үзүүлнэ.  

-Үзэгчдэд хэзээнээс хүрч эхлэх вэ?

-Ирэх дөрөвдүгээр сарын дундуур гарах төлөвлөгөөтэй байна. Нийтдээ 100 цуврал нэвтрүүлэг бэлтгэнэ. Манайхан судалгаа, архивын ажлаа эхлүүлсэн байгаа. Улсын баяр наадмын нээлт эхлэх өдөр буюу долоодугаар сарын 11-ний өглөө хамгийн сүүлчийн цуврал нэвтрүүлэг гараад өндөрлөх юм.

-Танай сувгийн үзэгч надаар дамжуулж асуугаарай гэсэн юм. Юу вэ гэхээр мэргэжлийн сүмо бөхийг шууд дамжуулах боломжгүй юу гэж. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Мэргэжлийн сүмод манай улсын тамирчид хөл тавьж эхэлсэн цагаас МҮОНТ шууд дамжуулан хүргэж байсан. Харин 2010 оны нэгдүгээр сараас зогссон. Сүмо бөхийн тэмцээнийг Японы “NHK” телевиз ганцаараа бүрэн эрхтэйгээр дамжуулдаг. Харин тэмцээнийг Мэргэжлийн сүмо бөхийн холбоо зохион байгуулдаг. Манай телевиз “NHK” телевизээс албан ёсны зөвшөөрөл авах гэхээр “Сүмо бөхийг олон улсын эфирт гаргахын тулд манай (NHK) телевиз Мэргэжлийн сүмо бөхийн холбоотой хамтарч ажиллах талд үл ойлголцол үүсээд байна. Тус холбоо сүмо бөхийг олон улсын эфирээр гаргахыг зөвшөөрөхгүй байна” гэсэн хариу өгсөн. Хэрвээ Мэргэжлийн сүмо бөхийн холбоо өөрийн улсын телевизтэйгээ бүрэн ойлголцчихвол дахин дамжуулах боломж нээгдэнэ.

-Олимпын оноо олгох чөлөөт бөхийн олон улсын хоёр тэмцээн тун удахгүй болно. Манай улсаас ч олон тамирчин оролцох юм билээ. Үүнийг та бүхэн шууд дамжуулах уу?

-Дамжуулна. Дотоодын тэмцээнийг бид хангалттай дамжуулсан бол дараагийн алхмаа олон улс руу чиглүүлж байна. Эхний ажил биатлоны ДАШТ-ийг ирэх улиралд шууд дамжуулахаар хүсэлтээ хүргүүлээд байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад IPTV-ийн гаралт өөрчлөгдсөн байсан. Үзэгчдэд сануулж хэлэхэд хэддүгээр сувгаар үзэх боломжтойг хэлж өгнө үү?

-Саяхан харилцаа холбооны зохицуулах хорооноос бидэнд албан бичиг ирсэн. Өргөн нэвтрүүлгийн сувгууд нь эхний 20-д байршиж байгаа юм билээ. Түүнээс хойшиход нь бусад суваг гэж. Ийнхүү Юнивишн, Скаймедиа, Ддиш, Мнвс-гийн 21 дүгээр сувагт манай “MNB Sport” суваг байршиж байгаа. Анх бид бүх кабелийн 67-д тааруулуулсан байсан. Учир нь Монгол Улсад 1967 онд телевиз үүссэн болохоор билэгдсэн хэрэг. Одоо бол МҮОНТ-ийн дөрвөн суваг дөрвүүлээ дараалж байршсан байгаа. Нэмж хэлэхэд спортын суваг анх байгуулагдахад мэдээж боловсон хүчин, нөөц бололцоо маш их тулгамдсан. Гэхдээ спортын төлөө сэтгэлтэй, амьдралаа зориулсан залуучуудаар багаа бүрдүүлж чадсандаа баяртай явдаг. Телевизийн урлаг маань зөвхөн сэтгүүлч, зураглаачаар тогтохгүй. Найруулагч, эвлүүлэгч, инженер техникийн ажилтан, жолооч, биднийг ажиллахад цэвэрхэн, тухтай орчинг бүрдүүлдэг үйлчлэгч хүртэл багтдаг. Тэдэндээ ойн баярын мэндийг хүргэж, олон арван жилийн түүхийг хамтдаа бичицгээхийг ерөөе.  

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонжаргал: Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын спортын нэгэн зуун” төслийг “MNB Sport” суваг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй