Шууд Chart

Г.Ганбаатар: Хамт олны уур амьсгал сайхан байвал ажлын бүтээмж өндөр байдаг

2021-03-05 11:13:06

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Г.Ганбаатарыг “Аврагчийн хөрөг” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна. Өвөрхангай аймаг 2020 оны “Аймгийн аварга ажилтан”-аа шалгаруулж  олон жилийн амжилт бүтээлийг нь үнэлсэн нь Г.Ганбаатар байлаа.

-Та “Шагнал”ын талаар ямар бодолтой байдаг вэ? Шагналын эзэн болоод удаагүй тул тухайн үеийн мэдрэмж хоцрогдоогүй гэж бодож байна?

-Аливаа шагнал урамшуулал бол хийснээс илүүтэй хийх ажлынх нь итгэлийг дэврээж, сэтгэлийнх нь очийг өдөөж өгдөг гэж ойлгодог. Ажлын хамт олон, гэр бүлийнхний минь дэмжлэг, туслалцаа, ард иргэдийн итгэл гээд маш олон хүний оролцоо байсан учраас л энэ жилийн шагнал минийх болсон байх.

-Мэргэжил бүхэн сайхан. Та ажлынхаа гарааг хэрхэн эхэлж байв?

-Цэргийн хүн болох мөрөөдөл багынх л даа. Мөрөөдлийнхөө дагуу 2003 онд аймгийн Гамшгаас хамгаалах штабт гал сөнөөгчийн ажилд хоёр хүн авна гэсэн зараар шалгалт өгсөн ч аман хүзүүгээрээ таслуулаад тэнцээгүй. Тэгээд ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь салбар сургуульд элсэн орсон. Гэтэл дараа жил нь буюу 2004 онд гал сөнөөгч авна гэсэн зараар дахин шалгалт өгч, 18 залуугаас хоёрт орж тэнцэж байлаа. Ингэж л миний ажлын гараа эхэлсэн түүхтэй. Гал сөнөөгчөөр 2007 он хүртэл ажиллаж байгаад Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичингээр томилогдсон. Харин 2013 онд офицерийн эгнээнд элсэн орж  Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн салааны захирагч, мөн ондоо Эрэн хайх, аврах бүлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад өнгөрөгч оноос Эрэн хайх, аврах салбарын даргаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна даа.  Онцгой алба хаагч болсон 17 жилийн хугацаанд гамшиг, ослын 345 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1350 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 3,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байдаг юм.  Мөн гал унтраах техникийн олон төрөлт спортоор 11 жил хичээллэж улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс  1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль авч, спортын мастер цол хүртсэн байна.  

-Онцгойн алба хаагч байх, энгийн иргэн байх хэр зэрэг ялгаатай вэ?

-Бидний ажлын онцлог өөрөө хүмүүнлэгийнх. Ард иргэд Онцгой байдлын алба хаагчид бүхнийг чаддаг, бидэнд туслахаар заяагдсан хүмүүс гэж ойлгодог. Тийм болохоор мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж, биеийн болоод сэтгэлзүйн бэлтгэлээ сайтар хийж, өөрийгөө хөгжүүлж, бусдаас суралцаж байхыг л хичээдэг. Бас нэг тодотгох зүйл нь дүрэмт хувцас. Төрийнхөө соёмбыг тэргүүндээ залж, түмнийхээ төлөө гэж тангараг өргөдөг нь өөрөө маш том ялгарал гэж боддог. Түүнээс бол бид бүгд л амьдралынхаа төлөө зүтгэж байгаа иргэн, үр хүүхдэдээ ээж, аав нь шүү дээ.

-Таны хувьд бусдыгаа манлайлах үүрэгтэй удирдах албан тушаалтан. Асар их хариуцлага ирнэ биз?

-Аливаа зүйлийг өөрийн биеэр хийж гүйцэтгэдэг. Аврах ажиллагаанд ч гэсэн хараад зогсох биш өөрөө орж ажилладаг. Дадлага сургуулийн үеэр ч  алба хаагч нартаа өөрөө эхлээд үзүүлж, танилцуулж зааж өгдөг. Жижиг гэлтгүй сэтгэлээ гаргаж хийж байх ёстой гэж боддог доо. Энэ нь хамт олны уур амьсгалыг эерэг байлгахад чухал нөлөөтэй шүү дээ. Хамт олны уур амьсгал сайхан байвал ажлын бүтээмж өндөр байдаг.  

-Тэгвэл бусдыг хэрхэн зоригжуулж, хурцалдаг вэ?

-Цагийг буруу зарцуулдаг хүмүүс л үргэлж завгүй байгаагаа ярьдаг гэж боддог. Тийм болохоор аль болох үр бүтээлтэй, бүтээмжтэй байхыг зорьдог.  Мөн бусдад урмын үг, магтаалыг харамгүй хэлэх дуртай. Тийм ч болохоор алба хаагчид маань урам зоригтой эрч хүчтэй ажилладаг.

-Эсрэгрээрээ танд ч бас үлгэр дууриалал авдаг хүн бий байх?

-Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Г.Чулуунбаатар, бэлтгэл хурандаа Т.Энхбаатар, хурандаа Д.Бэхбаяр, дэд хурандаа Д.Эрдэнэбат, дэд хурнадаа Д.Мөнхдорж, одоо ажиллаж байгаа дэд хурандаа Д.Одонбаяр гээд үе, үеийн дарга нараасаа л суралцаж ирсэн. Мөн үе, үеийн ахмад ажилчид, хамт олноосоо үлгэр дууриалал, урам зориг, эрч хүч авдаг даа.

-Яг энэ мөчид баярласнаа илэрхийлээч гэвэл хэнд хэлэх вэ?

-Өндөр хариуцлагатай ажлыг санаа зоволгүй хийхэд ар гэрийг минь авч яваа хүн бол миний хань. Тийм болохоор эхнэр, хүүхдүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Тэгэлгүй яахав. Амь, биеэ үл хайрлан зүтгэх тангараг эх орон, ард олныхоо өмнө өргөсөн хэн бүхэнд ар гэрийнхэн нь түшиг, тулгуур болж дэмжиж байдаг. Магадгүй тэдэнгүйгээр таны амжилтыг төсөөлөхийн аргагүй болов уу?

-Манайх ам бүл зургуулаа. Эхнэр маань Байгаль орчин, аялал жуучлалын газар мэргэжилтэн хийдэг. Хоёр охин, хоёр хүүтэй. Хоёр том охин маань сургуулийн сурагч.  Дундах нь  цэцэрлэгт, бага маань нэг сартай. Эхнэрийн төрсөн ах нь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангид аврагч, гал сөнөөгч албан тушаал дээр ажилладаг. Бид гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэнэ. Бас бие биенийхээ гэрт очиж их тусална. Тэгээд л гэрт нь очиж ажилд нь тусалдаг байгаад л эхнэртэйгээ танилцаж байсан даа.

-Багадаа ямар хүүхэд байв. Суурь хүмүүжилд нөлөөлсөн сайн зан чанар хадгалагддаг юм шиг санагддаг?

-Эцэх эхээс гурвуулаа. Айлын том хүү. Хоёр эмэгтэй дүүтэй. Арвайхээр суманд төрсөн. 2003 онд ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, ШУТИС-ийг санхүү удирдлага мэргэжлээр төгссөн. Мөн хууль сахиулах их сургуулийн ахисан шатны боловсролын сургуульд гамшгийн магистр зэрэг хамгаалсан. Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Цэцэрлэгээсээ тавдугаар анги хүртэл бүжиглэдэг, тавдугаар ангиасаа сургуулиа төгсөх хүртэл чөлөөт бөхийн барилдаанаар хичээллэсэн. Аав, ээж хоёр маань их хөдөлмөрч хүмүүс. Чихэр хийж, бээлий малгай нэхэж, хогийн шүүр хүртэл хийж зардаг байсан. Эдгээр зүйлсийг нь зарна, дээрээс самар бас зардаг байлаа. Багаасаа л ажил голохгүй хийж өссөн болохоор тэр зан одоо ч хэвээрээ л байдаг.

-Чөлөөт цаг хомс хэдий ч хэрхэн өнгөрүүлдэг нь сонин байна?

-Би аль болох гэртээ байхыг боддог. Гэр бүлээрээ шагайгаар их тоглоно. Морь уралдуулна, бөх барилдуулна, яст мэлхий өрнө гээд л. Ер  нь монголын уламжлалт тоглоомоор тоглох дуртай. Оюун ухаан хөгжүүлнэ, тэсвэр тэвчээртэй болгох давуу талтай.

-Баярлалаа танд. Ажил, амьдралд нь гэгээн бүхнийг хүсье?

-“Онцгой мэдээ” сониныхоо хамт олонд баярлалаа. Эх орныхоо өнцөг булан бүрт мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдадаа болон Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олондоо ажлын амжилт, сайн сайхан бүхний дээдийг ерөөе.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


Г.Ганбаатар: Хамт олны уур амьсгал сайхан байвал ажлын бүтээмж өндөр байдаг  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй