Шууд Chart

Нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ бий болгоно

2021-03-05 17:33:19

Зам, тээврийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлөг, улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ бий болгох асуудлыг судлах, холбогдох тооцоо, судалгаа, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан энэхүү ажлын хэсэг нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ бий болгох асуудлыг судалж, дүгнэлт гаргахаас гадна Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр иргэний нисэх болон улсын нисэхийн хамтын ажиллагааны асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах бэлтгэл ажлыг хангах юм.

Сүүлийн жилүүдэд манай улсын агаарын орон зайн ашиглалтын ачаалал ихсэн, агаарын орон зайг ашиглах нислэгийн тоо жилд дунджаар 15-20 хувиар нэмэгдэж, 120000 гаруй нислэг үйлдэгдэж байна. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа бөгөөд агаарын орон зайг ашиглахтай холбоотой гарч болзошгүй эрсдэлийн түвшин нэмэгдэж байгаа юм.

Иймд агаарын орон зайн хяналт, удирдлагын үндэсний нэгдсэн сүлжээ байгуулснаар улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, хуулиар хүлээгдсэн батлан хамгаалах үүрэгт нийцэхээс гадна Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас тавьж байгаа шаардлага манай оронд хэрэгжих үндэс болох юм. Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн техник хэрэгсэл, иргэний нисэхийн ажиглалтын техник хэрэгслийн боломжуудыг нэгтгэн ашигласнаар манай орны агаарын зайд нислэг үйлдэж буй бүх төрлийн агаарын хөлөг ба биетүүдэд ажиглалт, хяналт явуулах боломж бүрдэнэ.

Эх сурвалж: ИНЕГ


Нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ бий болгоно   
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй