Шууд Chart

АНУ-ын Дээд танхим эдийн засагт дэмжлэг үзүүлэх 1.9 их наядын багц хуулийн төслийг дэмжлээ

2021-03-07 12:49:02

АНУ-ын Конгрессын дээд танхим эдийн засагт дэмжлэг үзүүлэх 1.9 их наяд ам.долларын багц хуулийн төслийг дэмжин баталлаа. Ерөнхийлөгч Жозеф Байдены санаачилсан энэхүү хуулийн төсдийг сенатын гишүүдийн 50 нь дэмжсэн санал өгсөн бол 49 нь эсэргүүцсэн байна.

Цар тахлын үед эдийн засагт дэмжлэг үзүүлэх багц хуулийн төслийг хэлэлцэх явцад хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Тиймээс одоо Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим эцсийн хэлэлцүүлгийг хийж санал хураах юм.

Төлөөлөгчдийн танхимд ирэх долоо хоногт санал хураалт болох байх гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ багц хуулийн төслийг шуурхай баталж чадахгүй байх эрсдэл бийг сануулж байна. Учир нь Сенатын танхим дахь Ардчилсан намын зарим гишүүдийн санал болгосноор хуулийн төслийн текстүүдэд багагүй өөрчлөлт оруулсан юм байна. Гэхдээ энэ өөрчлөлтүүд Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын зүүний жигүүрийнхэнд таалагдахгүй байх талтай гэж таамаглаж байна.

Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү багц хуулийн төсөлд тусгасан хоёр орчим их наяд ам.долларыг үндэсний хэмжээний вакцинжуулалтын хөтөлбөрийн явцыг хурдасгах, сургууль боловсролын байгууллагуудыг аюулгүйгээр нээх, жижиг бизнесийг дэмжих, Холбооны ажилгүйдлийн долоо хоног тутмын тэтгэмжийг 400 долларт, хүүхэд асарсны тэтгэмжийг 3.6 мянган доллар болгох зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн юм.

Бүгд найрамдах намынхны хувьд багц хуулийн төсөлд тусгагдсан энэ хөрөнгө мөнгөний хэмжээг 600 тэрбум ам.доллар болгож бууруулахыг санал болгож байсан юм. Тэдний хувьд Ерөнхийлөгч Жозеф Байдены төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө мөнгөний ихэнх хувь нь коронавирусний цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд огт холбоогүй асуудлыг шийдвэрлэхэд зориулагдахаар байна гэж шүүмжилж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Дээд танхим эдийн засагт дэмжлэг үзүүлэх 1.9 их наядын багц хуулийн төслийг дэмжлээ   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй