Шууд Chart

Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос мянга гаруй хүнийг баривчилжээ

2021-03-07 13:42:35

Мьянмарын олон хотод өнөө өглөө цэргийн эрхтнүүдийг эсэргүүцэгчид жагсаал цуглаанд нэгдээд байна. Төрийн эрхийг гартаа авсан цэргийнхэн улс орон даяар онц байдал зарласан хэдий ч ардчиллыг дэмжигчид жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байна. Эсэргүүцлийн жагсаал Янгон, Мьичин, Мьей Давей зэрэг хотуудад болж байна.

Цагдаа нар эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, гэрэлт гар бөмбөг ашигласаар байна. Жагсаалд оролцогчид болон цагдаа нарын хооронд гарсан мөргөлдөөний уршгаар 50 гаруй хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж шархадсан тухай мэдээлж байна. Түүнчлэн мянга гаруй хүнийг саатуулан баривчилсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Жюаррик Мьянмарын улс төрийн хүчнийхэнд нөлөөтэй байдаг улс орнуудад хандаж тус улсад цус урсгасан мөргөлдөөнийг зогсоохын тулд дипломат болон бусад нөлөөгөө ашиглахыг уриалжээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид тус улсын төрийн зөвлөх Аун Сан Су Чиг гэрийн хорионоос суллахыг шаардсаар байна. Мөн хууль бусаар төрийн эрхийг гартаа авсан генералуудаас огцрохыг шаардаж байгаа билээ. Тэд эсэргүүцлийн жагсаалаа үр дүнд хүртэл нь үргэлжлүүлнэ гэдгээ баталцгааж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мьянмарт гарсан цэргийн эргэлттэй холбоотойгоор нэмэлт арга хэмжээ авахаар хэлэлцэж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарт эсэргүүцлийн жагсаалд оролцогчдоос мянга гаруй хүнийг баривчилжээ   
Үзсэн: 363 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй