Шууд Chart

Өнөөдөр: Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

2021-03-08 09:32:26

Монголынхоо нийт эмэгтэйчүүд та бүхэндээ Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг MNB.mn сайтын редакцаас хүргэе. 

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж

Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе!

Энэ л мөчид халдварт Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэж, гэр орон, нойр хоолыг умартан ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, цагдаа, мэргэжлийн болон тусгай чиг үүргийн байгууллагын ажилтан, алба хаагч эмэгтэйчүүдээрээ бид бахархахгүй байхын аргагүй юм. Та бүхний өмнө БАЯРЛАЛАА хэмээн хүндэтгэж мэхийн ёслоё.

Дэлхий нийтээр энэ л өдөр эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа олон олон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй элдэв дарамт, шахалтын эсрэг дуу хоолойгоо нэгдэх өдөр. Мөн бүхнийг манлайлсан бүсгүйчүүд, алдарт эхчүүдээрээ бахархаж, тэднээс үлгэр дууриал авч, хойч ирээдүйдээ өвлүүлэх учиртай.

Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг. Түүнчлэн энэ өдрийг манай улстай нэгэн адилаар дэлхийн 30 гаруй улс оронд  бүх нийтээр амарч өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, ОХУ, Казахстан, Гүрж, Камбож, Лаос, Молдав, Афганистан зэрэг орнууд үүнд багтдаг.

Харин Хятад, Македон, Мадагаскар, Балба зэрэг орны хувьд энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүд амардаг гэдгээрээ онцлогтой юм. Болгар, Румын зэрэг улсад өнөөдрийг ээжүүдийн баяр гэж мөн үздэг. Иймээс ээж нартаа бэлэг барьдаг уламжлал тогтжээ.  Армен улсын хувьд ЗХУ задарсны дараа эмэгтэйчүүдийн баяраа гуравдугаар сарын 8-нд бус, харин дөрөвдүгээр сарын 7-нд тэмдэглэн өнгөрүүлэх болсон байна. Италид эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхдээ эмэгтэйчүүдэд шар өнгөт гамба цэцэг бэлэглэдэг.

Орос, Албанид ч мөн энэ цэцгийг шоколадтай бэлэглэх хандлага их ажиглагддаг. Түүнчлэн, Украин улсын нийслэл Киев хотноо эмэгтэйчүүдийн дунд бүжгийн тэмцээн, эмэгтэйчүүдийн автомашины уралдааныг зохион байгуулдаг гэнэ. Харин энэ үеэр, замын цагдаагийн газраас нь, албан ёсоор зөвшөөрөл өгч, аюулгүй тэмцээний аюулгүй байдлыг ханган ажилладаг байна.

АНУ харин энэ өдрийг албан ёсоор баяр гэж тэмдэглэн өнгөрүүлдэггүй. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч жил бүрийн гуравдугаар сарыг эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон зарлаж, түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдийг нэхэн дурсдаг юм. Энэ оны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг НҮБ “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хүрээнд жендерийн тэгш байдлыг хангах зорилт дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн Турк болон бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө жагсаал цуглаан зохион байгуулагддаг.

Харин 2020, 2021 оны хувьд Ковид-19 цар тахлын дэгдэлтийн улмаас улс орнуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдах боломжгүй байгаа ч охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн эсрэг, зөрчигдөж буй эрхийг хамгаалах ажлыг дэлхий нийтээр цахим талбарт эрчимтэй өрнүүлж байна.

Монгол орны минь үзэсгэлэн сайхан эмэгтэйчүүд та бүхнийг өнөөдөр онц шаардлагагүй бол олон нийтийн газраар явалгүй, гаднаас зочин урихгүй, зөвхөн гэр бүлээрээ байж, хайрт хань, үр хүүхдийн хамт тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Монголын үзэсгэлэнт саран гоо  эхчүүд, эмэгтэйчүүдийг маань  сэтгэлийн  сүүн цагаан цацал нь ивээх болтугай.

MNB.MN САЙТЫН РЕДАКЦ


Өнөөдөр: Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр  
Үзсэн: 499 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй