Шууд Chart

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэрхэн эхэлсэн бэ

2021-03-08 10:03:16

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Тиймээс уншигч танаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх хэрхэн эхэлсэн талаар сонирхуулья.

Яагаад гуравдугаар сарын 8 гэж?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Март-8 эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн төлөөх хөдөлгөөнөөс НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн олон улсын өдөр болтлоо өргөжиж, жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр байна. Хамгийн анх 1908 онд Нью Йорк хотод 15 мянган эмэгтэй ажлын цагийг багасгах, цалинг нэмэгдүүлэх болон санал өгөх эрхийнхээ төлөө тэмцсэн нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үндэс суурь байв. Энэ жагсаалаас жилийн дараа Америкийн Социалист нам Үндэсний эмэгтэйчүүдийн өдөртэй болсноо зарласан юм.

Харин олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй болох санаачилгыг Клара Цеткин хэмээх эмэгтэй 1910 оны Ажилчин ангийн эмэгтэйчүүдийн олон улсын хурал дээр гаргаж, 17 орны 100 эмэгтэй санал нэгтэйгээр дэмжсэн юм.

Ийн хамгийн анх Австри, Дани, Герман, Швейцарь улс 1911 онд энэ өдрийг тэмдэглэсэн. Үүнээс эхлэн тооцвол өдгөө олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэж эхэлсний 110 жилийн ой тохиож байна.

Харин НҮБ-аас 1975 онд гуравдугаар сарын 8-ныг жил бүр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан юм. Харин НҮБ-ын хамгийн анхны сэдэв нь 1996 онд “Өнгөрсний сайн зүйлд тулгуурлан ирээдүйг төлөвлөцгөөе” гэсэн байв. Ингэхдээ нийгэм, улс төр, эдийн засаг гэсэн олон салбар дахь эмэгтэйчүүдийн амжилт бүтээлийг тэмдэглэж, тэгш бус байдлын эсрэг ажил хаялт зарлаж, жил бүр жагсаал цуглаан зохион байгуулах болсон юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1917 онд Орос эмэгтэйчүүд дөрвөн өдөр ажил хаялт зарласны дараагаар Засгийн газар огцорч, түр Засгийн газар эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгосон юм. Энэ өдөр Орост ашиглаж байсан календараар хоёрдугаар сарын 23-ны ням гариг байв. Харин Григорийн календараар гуравдугаар сарын 8 байсан юм.

Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр арваннэгдүгээр сарын 19-нд тохиодог

Олон улсын эрэгтэйчүүдийн өдрийг 1990 оноос хойш Англи тэргүүтэй дэлхийн 80 гаруй орон арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэж байна. Гэвч өнөөдрийг хүртэл НҮБ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй. Энэ өдрийг эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгэм, дэлхийд үзүүлэх эерэг нөлөөллийг сурталчилж, эерэг мэдээллийг түгээх, тэдний нийгэмд гүйцэтгэх үүүргийг нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэж байна. Тиймээс 2020 оны уриа нь “Эрэгтэйчүүд болон хөвгүүдийн эрүүл мэндийг сайжруулах нь” гэсэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэрхэн эхэлсэн бэ   
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй