Шууд Chart

НҮБ: Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна

2021-03-08 12:15:54

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан НҮБ-аас мэдэгдэл гаргасаныг бүрэн эхээр нь хүргэж байна.


2021 оны 3 дугаар сарын 8: Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, хоол хүнс үйлдвэрлэгч, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч зэрэг олон ажил үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байна.

Тухайлбал, Монгол Улсад коронавирусын халдвар авсан хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлж өөрсөддөө  эрсдэл үүрч байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтны 82 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Улс орны өнцөг булан бүрт ээжүүд хямралын хүнд хэцүү энэ цаг үед үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, боловсролтой болгох, нийгмийн харилцаанд орох эрхийг нь хангахын төлөө өөрсөддөө тулгарах бэрхшээлийг үл тоон зүтгэж байна. НҮБ-ын зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 2021 оны энэ өдрийг “Эмэгтэйчүүдийн манлайлал: КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд эрх тэгш ирээдүйг бүтээе” уриан дор цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед  эмэгтэйчүүд, охидын оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцгойлон тэмдэглэж байна.

Түүнчлэн, цар тахлын үеийн гол ачааг эмэгтэйчүүд, охид үүрч байгаа бөгөөд цаашид ч үүрсээр байх болно гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай. Засгийн газраас хэрэгжүүлж буй онцгой байдлын хатуу чанга арга хэмжээнүүд нь нэг талаас халдварын тархалтыг хязгаарлах, хүний амь насыг хамгаалахад тус болж буй хэдий ч, нөгөө талаас эдгээр арга хэмжээний уршгаар эмэгтэйчүүд, охидод тулгардаг эрх тэгш бус байдлыг улам бүр даамжруулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд гарсан олон жилийн зүтгэл, ололт амжилтыг хойш татахад хүргэж байна.

Цар тахлын үеийн хямралд хамгийн хүндээр өртөж  буй салбарууд болох бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрүүд, албан бус эдийн засагт эмэгтэйчүүд олноор ажиллаж байна. Түүнчлэн  хямралын үед эмэгтэйчүүд олноор ажлын байргүй болох магадлал ч өндөр байна.

Малчин эмэгтэйчүүд хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч тэдний хувьд үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, үйлчилгээ, технологи, санхүүжилт олж авахад эрэгтэйчүүдээс илүү бэрхшээлтэй тулгарч байна. Тэдний энэхүү эмзэг  байдал нь КОВИД-19 цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн улмаас улам бүр дордож байна.

Сургууль, цэцэрлэгүүд хаагдсан, хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалан цалин хөлсгүй халамж асаргааны ажил огцом нэмэгдэж эмэгтэйчүүд, охидын үүрэх ачаалал улам ихэслээ. Энэ нь охид эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, өөртөө анхаарал тавих, өөрийгөө хөгжүүлэх зэрэг хэрэгцээ нь орхигдоход илүү нэрмээс болж байна.    

Онцгой байдал, хорио цээрийн дэглэм тогтоосноор ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн болоод эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад улам бүр бэрхшээлтэй болгосон.  Хямралын энэхүү үед Монгол Улсад эхийн эндэгдэл 28 хувиар өссөн бөгөөд нийт эндэгдлийн 22 хувь нь эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах чадваргүй байдал болон цар тахалтай шууд холбоотой асуудлын улмаас  нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэл цар тахлын дэгдэлтийн үед улам бүр  газар авч байна. Тус улсад анх удаа гэр бүлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлын тоо 16 хүртэл хувиар өссөн нь өмнөх жилүүдэд тууштай буурч байсан уг үзүүлэлтийг эсрэгээр нь эргүүлсэн байна.

Дэлхийн өнцөг булан бүрт КОВИД-19 цар тахалтай тэмцэх, улс орноо сэргээн босгох үйлсэд эмэгтэйчүүд манлайлж байгааг бид бэлхнээ харж байна. Эмэгтэйчүүдийн удирдсан улс орнууд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засаг, аж байдлыг хамгаалахын зэрэгцээ халдварын тархалтыг хамгийн доод түвшинд барьж болохыг үзүүлж байна. Сайн засаглал, ардчилал, энх тайван, хөгжил дэвшил нь оролцоог хангасан манлайлал, төлөөллийн тогтолцоо урт хугацааны туршид үр дүнтэй төлөвшсөн тэр цагт л бүрэн цогцолж байдгийг бидэнд туршлага харуулсан.

Гэтэл Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал алдагдсан хэвээр байна. Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн 17 хувь буюу 13 нь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэндийн салбарын нийт ажилтны дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа  хэдий ч Улсын онцгой комиссын 26 гишүүний 12 хувь нь буюу 3 нь эмэгтэйчүүд байна.

Цар тахалтэй тэмцэх болон улс орноо хямралаас сэргээн босгох бүхий л явцад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр тусмаа эмэгтэйчүүдийн манлайллыг ашиглах гайхалтай  боломж байгааг үүгээр бид цохон тэмдэглэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой үйл хэргийг одооноос эхлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад байгууллагуудад хандан НҮБ уриалж байна. Бид нийгмийн бүтцийн саад тотгорыг арилгаж, олон нийтийн үйл хэрэг, эдийн засаг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн чөлөөт оролцоог хангахад саад тотгор болж буй аливаа ялгаварлан гадуурхах агуулгатай хэм хэмжээг засч өөрчлөх шаардлагатай. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд, охидод нэн шаардлагатай бөгөөд амь насыг нь хамгаалах үйлчилгээг бэлэн, хүртээмжтэй  байлгаж, цар тахлын үед тэдэнд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх нөхцлийг бүрэн хангасан тохиолдолд Монгол Улсын хөгжлийн идэвхтэй оролцогч, хөдөлгөгч хүчин болж чадна.

Бид үүнийг хийхийн тулд тусгайлсан арга хэмжээ авах, квот тогтоох замаар эрх тэгш төлөөллийг баталгаажуулах; хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, боломжийг тэгш хүртээх замаар эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүд бүрэн чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх; нийтийн болон хувийн бүхий л орчин нөхцөлд  жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн санхүүжилт, бодлого, улс төрийн шийдвэр гаргах замаар эмэгтэйчүүд, охид хүчирхийллийн айдасгүй ажиллаж, амьдрах боломжтой нийгмийг бий болгох; эцэст нь, хүн амын дунд жендэрийн эрх тэгш байдлын үнэ цэнийг мэдрэх сэтгэлгээ, нийгмийн хэм хэмжээг бий болгох хэрэгтэй байна.

Монгол Улсад илүү сайн сайхан амьдралыг хамтын хүчээр бүтээцгээе.


НҮБ: Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй