Шууд Chart

Зэвсэгт хүчний эмэгтэй алба хаагчдад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэл, чадвар аль аль нь бий

2021-03-08 12:11:44

Цэргийн алба хаагч хосын гэр бүлд төрсөн тэрбээр ҮБХИС-ийн бэлтгэж, төгсгөсөн анхны эмэгтэй офицеруудын нэг бөгөөд хоёр дахь үеэрээ Зэвсэгт хүчинд зүтгэж буй алба хаагч юм.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юун түрүүн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Гуравдугаар сард мөрдэстэй бүсгүйчүүдийн хувьд хоёр ч чухал баяр тохиодог. Та эдгээр баярын өдрүүдийг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Баярлалаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр байгууллага болгон эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг. Миний хувьд ч мөр зэрэгцэн зүтгэж буй эмэгтэй алба хаагчидтайгаа тэгж л баярладаг. Мөн гэр бүлийнхэн маань “Мартын 8”-ныг тэмдэглэж өгдөг. Харин гуравдугаар сарын 18-нд Монгол цэргийн өдөр, цэргийн баярыг эмэгтэйчүүдийн баяраас ч илүү өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн. Учир нь манай аав, ээж, хань минь цөм цэргийн хүмүүс болохоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг.

-Таны аав хурандаа Л.Халтарыг Зэвсэгт хүчнийхэн андахгүй юм билээ. Уулзаагүй, хараагүй ч алдар нэрийг нь сонсоогүй хүн танай салбарт цөөхөн байх. Мөн таны ээж сургуулиа төгссөн цагаасаа Зэвсэгт хүчинд зүтгэсэн бэлтгэл хошууч гэж сонслоо. Таныг цэрэг армийн мэргэжил эзэмшиж Зэвсэгт хүчинд зүтгэхэд хамгийн их нөлөөлсөн хүн таны аав, ээж үү?

-Тийм ээ миний аав Зэвсэг хүчинд 33 жил алба хаасан, артиллерийн офицер, хурандаа цолтой. Мөн ээж минь Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд аавыг дагаж, Зэвсэгт хүчинд цэргийн эмчээр олон жил ажилласан бэлтгэл хошууч цолтой хүн бий. Би дээрээ нэг ах, нэг эгчтэй. Эгч минь Англи улсад ажиллаж, амьдардаг. Ах маань Цэргийн их сургуулийг төгсөөд, Зэвсэгт хүчинд ажиллаж байсан бэлтгэл офицер.

Миний бага нас Төв аймгийн Сэргэлэн сумын дивизийн цэргийн хотхонд, дараа нь Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн хотхонд өнгөрсөн. Тухайн үед 256 дугаар анги хотхоны зохион байгуулалттай байсан болохоор бүх юм нь нэг дор төвлөрсөн, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, дэлгүүр үйлчилгээний газрууд гээд бүх юм хотхон дотроо, гэрээс хэдхэн алхмын л зайд байдаг байв. Сургуулийн багш нар хүүхдүүдийг олон талаар хөгжүүлэх зорилготой урлаг, спортын дугуйлан хичээллүүлдэг, олон нийтийн, хүмүүжлийн ажил их явагддаг. Би өөрөө тэр бүхэнд оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Тийм л орчинд төрж, өссөн болохоор цэргийн амьдрал сэтгэлд ойр, цэргийн хүмүүс сайхан санагддаг.

Би арван жилээ төгсөөд гадаад хэлний чиглэлээр нэг жил их сургуульд сурсан юм. Тэгсэн 1995 онд одоогийн Үндэсний батлан хамгаалахын их сургууль ар талын ангид эдийн засагч мэргэжлээр эмэгтэй сонсогч элсүүлнэ гэсэн зар сонсоод сурч байсан сургуулиа орхиод шууд эргэлт буцалтгүй элсэж орсон доо.

-Нөхөртэйгөө сонсогч байхдаа танилцсан уу. Танд сэтгэлээ хэрхэн илчилж байв?

-Миний ханийг Пүрэвдоржийн Мөнхболд гэдэг. Бэлтгэл дэд хурандаа цолтой. Бид хоёр Үндэсний батлан хамгаалахын их сургуульд цуг суралцаж байсан нэг оны төгсөгчид. Миний нөхөр цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөөд Дорнод аймгийн цэргийн ангид томилогдож ажилласан юм. Бид сонсогч байхдаа бие биенээ таньдаг байснаас биш болзож, үерхэж байгаагүй. Харин сургуулиа төгссөн хойно найзынхаа ажлын газар тааралдаад бие биенийхээ утасны дугаарыг тэмдэглэж аваад, утсаар ярьдаг болоод л ойр дотно болсон. Урьд нь бие биенээ таньдаг байсан болохоор богино хугацаанд дотноссон.

 

-Танай гэр бүл хоёр үеэрээ Зэвсэгт хүчинд зүтгэжээ. Харин нөхрийн тань талд цэргийн хүмүүс байв уу. Мөн хүүхдүүдээ цэргийн мэргэжил, боловсролтой болгох юмсан гэсэн хүсэл бий юу?

-Миний нөхрийн аав Батлан хамгаалах яамны Улс төрийн хэлтсийн орлогч асан Пүрэвдорж хурандаа. Нөхөр минь ч гэсэн гэр бүлээсээ төрөн гарсан Зэвсэгт хүчинд зүтгэж буй хоёр дахь үеийн алба хаагч. Манайх нэг хүү, нэг охинтой. Хүүхдүүд маань ерөнхий боловсролын сургуулийн сурагч болохоор хараахан ямар мэргэжлээр сурахаа сонгоогүй байгаа. Бид хоёр битүүхэндээ манай гэр бүлээс гурав дахь үедээ Зэвсэгт хүчинд зүтгэх алба хаагч төрөн гараасай гэж боддог л юм. Гэхдээ хүүхдүүдийнхээ өөрсдийнх нь хүсэл мөрөөдлийг сонсож, сонирхсон мэргэжлээр нь сургасан нь зөв байх гэж боддог. Хэрвээ цэрэг армийн мэргэжлээр сурах сонирхолтой гэвэл бид хоёр дуртайяа дэмжинэ.

-Та Зэвсэгт хүчний анхны эмэгтэй офицеруудын нэг юм билээ?

-Түрүү би 1995 онд БХИС-д Ар талын тэнхимд эдийн засагч мэргэжлээр элссэн гэж хэлсэн дээ. Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамгийн анхны эмэгтэй сонсогчдоо 1994 оноос холбооны мэргэжлээр элсүүлж эхэлсэн юм. Манай элсэлт дөрвөн жил сурч, харин 1994 онд элссэн холбооны ангийн сонсогчид таван жил сурч 1999 онд хамт төгссөн. Яг тухайн оны төгсөлт ҮБХИС-ийн анхны эмэгтэй офицеруудын төгсөлт болсон. Мөн энэ төгсөлтөөс Н.Нямжаргал хурандаа бид хоёр нэг өдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 15-нд хурандаа цолоо авсан.

-Цэргийн өндөр цолонд хүрсэн тав дахь эмэгтэй алба хаагч болж, хурандаагийн мөрдэс зүүхэд ямар мэдрэмж төрсөн бэ. Таны аав болон гэр бүлийн тань хүн хэрхэн баяр хүргэж байв?

-Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар цэргийн дээд цол хүртсэн өдөр бол мэдээж миний амьдралын хамгийн баярт өдрүүдийн нэг. Хурандаа цол авснаа илтгэхэд  аав маань маш их баярласан. Тэр их баярлаж хөөрсөн сэтгэлийг  харцнаас нь харахад л илэрхий байсан. “Миний охин хичээгээрэй” гэж хэлснийг нь мартдаггүй.

Энэ цолыг авахад минь, ажил, албаа хоёргүй сэтгэлээр хаахад минь нөхрийн маань өмөг түшиг их.  Цэргийнхэн бид цэргийн хүний гэр бүлийг өөрсдөөс нь нэг шат илүү цолтой хүмүүс гэж ярьдаг. Учир нь цэргийн хүний ар гэр найдвартай байж санаа зоволгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай нөхөр чинь наддаа “бригадын генерал” гэсэн үг. Харин найз нөхдүүд нь манай нөхөрт аль хэдийн “Ард түмний хурандаа” цол олгосон байна лээ.

Хурандаа цолыг дагаж маш их үүрэг хариуцлага хамт ирдэг. Хариуцсан алба үүргээ маш хариуцлагатай, үлгэр жишээ биелүүлэхээс гадна, мөрдөж буй тушаал заавар амьдралд нийцэж байгаа эсэх, биелүүлэхэд юу саад олж байна, яаж засаж сайжруулбал  дээр вэ зэргээр бодож тунгаах  түвшинд ажиллах ёстой гэж боддог. Мөн цэргийн анги байгууллагад ажиллаж ирсний хувьд Зэвсэгт хүчинд ажиллаж буй эмэгтэй алба хаагчдынхаа дуу хоолой болох, эрх ашгийг нь хамгаалах, нийгмийн асуудлыг нь шийдэх тал дээр хувь нэмрээ оруулах юмсан гэсэн зорилго бий.

-Зэвсэгт хүчний түүхэнд ангийн бүр бригадын орлогч даргаар ажилласан цорын ганц эмэгтэй офицер нь та юм билээ?

-Зэвсэгт хүчний 345 дугаар бригад 2016 онд байгуулагдсан, бүтэц орон тооны хувьд нэлээн томд орно. Би Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагчийн орлогч, ар талын дарга албан тушаалд 2019 оны гуравдугаар сараас 2020 оны аравдугаар хүртэлх хугацаанд томилогдон ажилласан. Хэдийгээр бригад маань бүрэн бүтэц орон тоогоор ажиллаагүй байгаа ч инженерийн ротоо дэлгэн, өнгөрсөн оны гуравдугаар сараас төмөр замын бүтээн байгуулалтад оролцоход миний бие мөн энэ бүтээн байгуулалтад ажиллаж байлаа.

-Та Монголоос Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон зургаа дахь эмэгтэй офицер. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдад ямар хүндрэл, бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Би 2011-2012 онд Баруун Сахарт НҮБ-ын Энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд цэргийн ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед надад хүндрэл бэрхшээл гараагүй. Учир нь Энхийг сахиулах ажиллагаанд тусгай сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн, хууль дүрэм журамтайгаа бүрэн танилцаж зөвшөөрсөн алба хаагчдыг илгээдэг. Тиймээс тухайн газар орондоо очоод түүртэх ч юм уу өөр бусад хүндрэлтэй асуудал гэх мэт зүйл байгаагүй. 2008 оноос хойш манай эмэгтэй алба хаагчид багийн бүрэлдэхүүнд орж эх орноо төлөөлөн Энхийг сахиулахаар явж байгаа. Тухайлбал, 850 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй батальон Өмнөд Судан улсыг зориход 7-8 хувь нь эмэгтэй алба хаагчид байсан. Хамгийн сүүлд Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баазын удирдлагаас гаргасан хүсэлтийн дагуу манай зургаан эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд монгол эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоо нэмэгдэж байгаа. Эмэгтэй алба хаагчид тэвчээртэй, нөхцөл байдалд хурдан дасан зохицдог, тусламж дэмжлэг авч буй орны хүүхэд эмэгтэйчүүдэд  эерэг нөлөө үзүүлдэг нь Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд нь давуу тал болдог.

Эмэгтэй цэргийн алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж буй Энхийг сахиулагчдын 15 хувьд хүргэх НҮБ-ын зорилт байдаг юм билээ. Манай улс бодлогоор дэмжээд өгвөл нийт үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордож буй энхийг сахиулагчдад эмэгтэй алба хаагчдын эзлэх хувь илүү нэмэгдэх бүрэн боломжтой. Мөн манай эмэгтэй цэргийн алба хаагчдад энхийг сахиулах ажиллагаанд оролцох, үүрэг гүйцэтгэх хүсэл, чадвар аль аль нь бий.

Нэг тоо баримт хэлэхэд манай Зэвсэгт хүчинд эмэгтэй алба хаагчдыг бэлтгэх болсноос хойш эмэгтэй алба хаагчид жин дарж эхэлсэн. Монголын Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж буй нийт алба хаагчийн 18 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа.

-Монголд эмэгтэй генерал цолтон байдаггүй. Танд Зэвсэгт хүчнээс эмэгтэй генерал төрөн гараасай гэсэн хүсэл хүлээлт мэдээж байдаг байх?

-Генерал цолонд хүрэх хэмжээнд бүх мэдлэг чадвараараа тодроод гараад ирсэн эмэгтэй алба хаагчийг хэн ч жендэрээр нь үгүйсгэхгүй байх гэж бодож байна.

Зэвсэгт хүчний эмэгтэй алба хаагчдаас хурандаа гэдэг эрхэм хүндтэй том цолыг хамгийн анх авч, эмэгтэй цэргийн алба хаагчдадаа зам мөрийг нээсэн М.Батдолгор хурандаа хэмээх эрхэм хүнийг дурдалгүй өнгөрч болохгүй байх.  Зэвсэгт хүчний эмэгтэй алба хаагчдаас цэргийн хэргийн болон стратеги-тактикийн өндөр мэдлэгтэй, мундаг бүсгүйчүүд, эмэгтэй цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний эгнээнд олон бий. Тиймээс цаашид эмэгтэй генерал төрөн гараасай, гарах гарахдаа төрийн цэргийн байгууллагууд дундаас Зэвсэгт хүчнээс эмэгтэй генерал төрөн гарах ёстой гэж бодож байна.

-Таны одоогийн хашиж буй алба их сонирхолтой санагдлаа. Та ҮБХИС-ийн анхны эмэгтэй сонсогчдын нэг. Тэгвэл өдгөө энэ сургуульдаа өөрийн төгссөн тэнхимийнхээ даргаар ажиллаж байгаа юм байна?

-Тийм ээ. Төрөлх сургуулийнхаа, төгссөн тэнхимийнхээ даргаар томилогдоход надад ҮБХИС-ийн Цэргийн ар талын тэнхимийн төгсөгчдөөс нь анх удаа тэнхимийн дарга томилогдлоо гэж хэлж байсан нь их сайхан санагдсан. Манай тэнхим Зэвсэгт хүчний ар талын мэргэжилтнийг бэлтгэдэг мэргэжлийн тэнхим. Энэ жил 40 жилийн ой тохиож байгаа.

-Ирээдүйд цэрэг армийн мэргэжил эзэмших Зэвсэгт хүчинд ажиллах хүсэлтэй, энэ талаар бодож төлөвлөж буй ахлах, дунд ангийн сурагчдад та юуг зөвлөж, захиж хэлэх вэ?

-Миний хувьд цэргийн сургуульд цэргийн мэргэжил эзэмшээд 27 дахь жилдээ албаа хааж байна. Эх оронч сэтгэлтэй, эх орноо хамгаалах хүсэлтэй, эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай охид, залуусыг цэргийн мэргэжлээр сураасай гэж хүсдэг. Учир нь цэргийн мэргэжлээр сурч, Зэвсэгт хүчинд хүчин зүтгэснээр ялангуяа залууст маш олон боломж нээгддэг. Өнөө цагт Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам тэлж байна. Үр дүнд нь гадаадын оронд суралцах, мэргэжил дээшлүүлэх, Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эх орныхоо нэрийгээ тив дэлхийд алдаршуулах түүнийг дагаад албаа хаагаад үүргээ гүйцэтгэнгээ өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох зэрэг маш олон боломж нээгддэг. Би өөр дээрээ жишээ авахад Зэвсэгт хүчний буянаар олон улс оронд үүрэг гүйцэтгэж, мэргэжил дээшлүүлж, сурч боловсорч өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлэх боломж гарч ирсэн.

-Ерөнхий сайдын Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үгтэй холбоотойгоор бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн дунд “Хугацаат цэргийн алба хаая, хаахгүй” гэсэн яриа цахим сүлжээнд хэсэг явлаа. Та Монголын Зэвсэгт хүчний гарын арван хуруунд багтах хурандаа цолтой эмэгтэй албан хаагчийн хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Эх орон бол Монгол улсын иргэн бүрт хамаатай. Шаардлагатай нөхцөл байдал тулгарвал эх орноо эрэгтэй нь ч бай, эмэгтэй нь ч бай хүн бүр хамгаалах л хэрэгтэй. Миний бодлоор Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн 18-26 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна” гэж заасан шиг энэ насны эмэгтэйчүүд сайн дураараа хугацаат цэргийн алба хааж болно гээд өөрийн хүслээрээ хугацаат цэргийн алба хаах боломжийг нь нээгээд өгчихвөл алба хаахыг хүсэж байгаа охид, бүсгүйчүүд байхыг үгүйсгэхгүй.

-Энэ жил орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Батлан хамгаалах яамны 110, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ой гээд танай салбарт олон тэгш ой тохиож байна. Мөн өнөөдөр болоод энэ сард хоёр ч чухал баяр болно. Тиймээс мөрдэс нэгт алба хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлээч?

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг мөрдэс нэгт эмэгтэйчүүддээ хүргэе. Мөн мөр зэрэгцэн ажиллаж буй салбарынхандаа болон Зэвсэгт хүчний үе үеийн бие бүрэлдэхүүн, алба хаагчиддаа Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн болон бусад тэгш ойн мэндийг хүргэхийн ялдамд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Монгол цэргийн босоо хийморь үеийн үед мандан бадраг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний эмэгтэй алба хаагчдад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэл, чадвар аль аль нь бий  
Үзсэн: 4856 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй