Шууд Chart

Нүдээр “сонсдог” “Pink Floyd”

2021-03-15 16:48:39

Саяхан би уулзахыг хүсэж, хүлээж ирсэн тэр хал үзсэн рокертойгоо хоёр цаг гаруй ярилцсаны эцэст түүний ярианаас амьдрал бол тэвчих гэдгийг ойлгож авсан юм.

SATSO

1966 оны долдугаар сард Туул гол үерлэж, Үйлдвэр комбинат, 120 мянгат, хотын төв хүртэл усанд автсан тэр өдөр нэгэн эр “Нэхмэлийн шар байр”-наас хоёр настай хүүгээ тэврээд, ахыг нь мөрөн дээрээ суулгаад бүсэлхийгээр татсан усан дунд алхах, сэлэхийн дунд явахдаа хөвж явсан модон хашаанд хөлөө цохиж, тэвэрч явсан хүүгээ усанд алдчихав.

Урсгал ус хоёр настай хүүг тэрүүхэн зуурт ёроол руугаа сорсноо цаашаа аваад явчихав. Аав нь, ах нь ч, хавь ойрынх нь хүмүүс сүйд болж, бүгд бүгдээрээ хүүг хайтал хамаг биеийнх нь бүх хэсэг хөхөрчихсөн шуудайтай боловсруулсан ноосноос зуурчихсан олджээ. Биеэрээ дүүрэн ус залгисан хүү ухаан оролгүй удаж, аав ээж гэр бүлийнхнийхээ санааг зовоов. Ухаан орохтой нь зэрэгцэн гэрийнхэн нь хамаатныхаа эмч нарыг бараадаж, Архангай, дараа нь Хөвсгөлийг зорив. Тэнд л хүү дуу шуу орж, хоол ундаа идсэн гэнэ. Тэрбээр өөрийгөө үхэл амьдралын зааг дээрээс, Хөвсгөлд л дахин төрж, эргэн хүн болсон гэдэг.

Хэрвээ хүүд Улаанбаатарын их үерийн үеэр тэр шуудайтай ноос таараагүй бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол тулгатны 100 эрхмийн нэг, өнөө цагийн соён гэгээрүүлэгч, шог зураач, соёлын өвийн том цуглуулагч, судлаачийн хэмжээний хөгжим сонирхогч, 11 дэх жилтэйгээ золгож буй “Үндэсний өгөх өдөр”-ийн санаачлагчдын нэг, удирдах зөвлөлийн гишүүн, Пянз цуглуулагчдын клубын үүсгэн байгуулагч, хүний эрх хамгаалагч-зоригтон Самандарын Цогтбаяр, түүний өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн жагсаан бичвэл олон арван хуудас цаас үрэгдэх ажлууд байхгүй байх байлаа. Олон арван хуудас цаас жагсаалт гэдэг огтхон ч хэтрүүлэг биш шүү “Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал” Монголын анхны комик номыг 1990-ээд онд гаргасан, комик болон шог зургийн олон арван ном хэвлүүлсэн. Шог зургийн олон улсын олон ч уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож шилдгээр шалгарсан. Пянз цуглуулагчдын клуб байгуулагдсаны ард хэд хэдэн хамтлаг дуучид цомгоо пянзан дээр бичүүлж, пянзны 5-6 дэлгүүр нээгдэж тэр хэрээр шинэ ажлын байр бий болсон гээд дурдаад байвал их хугацаа шаардана. Түүнийг найз нөхөд, шавь нь төрөлхийн зурах авьяас, хошин шогийн өндөр мэдрэмжтэй, маркетингийн гоц авьяастай, олон талын мэдлэгтэй, сонор соргог, аливаа эд зүйлсийн үнэ цэнийг яг таг мэддэг, нийгэмд тасралтгүй гэрэл гэгээ нэмдэг, олон ажил барьж авдаг ч бүгдийнх нь ард гардаг бүтээлч, тууштай, хэзээд хөгжилтэй нэгэн гэж дүгнэдэг.

С.Цогтбаяр үеийнхээ хүүхдүүдийн нэгэн адил загас тэжээдэг, марк тэмдэг цуглуулдаг, номноос салдаггүй, дэвтрийнхээ арын хуудсан дээр зураг зураад суудаг хүү байв. Энэ үедээ “Тоншуул” сэтгүүл олж харснаар шог зурагт эргэлт буцалтгүй дурлажээ. Цогоо Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд сургуульдаа туслах багшаар ажиллах саналыг зөвшөөрч нэг жилийг үдэхэд Амгалан багш нь “Цогоо чи тушаал дэвшихээр боллоо” гэжээ.

Ийн тухайн үед 120 мянган хувь хэвлэгддэг Нам Засгийн төв хэвлэл “Үнэн” сонины газраас эрхлэн гаргадаг, багаасаа дугаар алгасалгүй үзэж харж, дурлаж ирсэн “Тоншуул” сэтгүүлдээ ажиллахаар болов. Их сургууль төгсөөд хэвлэлийн салбарт туршлагажсан хүмүүс л “Тоншуул”-д ажилд ордог байтал 18, 19-хэн настай жийнс болсон хүү тэр өндөр босгоор алхан оржээ.

Багшийнх нь “чи тушаал дэвшлээ” гэсэн үгийн учир нь “Тоншуул” сэтгүүлийн ажилтнууд тусгай хангамжтай, Улсын хоёрдугаар эмнэлэгт гэр бүлээрээ үзүүлэх эрхтэй, Төрийн ордны гуанзанд зоогоо барьдаг, Цэргийн албанаас ажлын үнэмлэхээ үзүүлээд шууд чөлөөлөгддөг зэрэг олон давуу эрх эдэлдэг байв. Ийн С.Цогтбаяр Алдарт хөлбөмбөгч Пеле (Эдсон Арантис ду Насименту), боксчин Мухаммед Али (Кассиус Марселлус Клей), жүжигчин Том Круз (Томас Мэйпотер IV), Вин Дизель (Марк Синклер Винсен), жүжигчин, тулаанч Брюс Ли (Ли Юень Кам), нийтлэлч Баабар (Б.Батбаяр) нарын адилаар уран бүтээлийн нэртэй болсон бөгөөд аавынхаа болон өөрийнхээ нэрний эхний үеэр Сацо (Satso) гэгдэх болсон юм.

“ХАМГИЙН ДӨТ ЗАМААР УХААРУУЛАХ АРГА БОЛ ИНЭЭД ЮМ”

СГЗ, шог  зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Л. Одончимэд

Хүний эрхийн хамгаалагчид янз бүрийн нөхцөл байдалтай тулгардаг. Тэдний олонх нь өөрсдийн үйл ажиллагааны төлөө эрсдэлтэй тулгардаг, шударга бус зүйлийн бай болдог.

Б.Цогтбаяр “Тоншуул”-д ажиллаж эхлэхээс өмнө оюутан байхдаа “Үнэн” сонинд шог зургуудаа хэвлүүлж байв. Тэр үед хоёр хүн загасчилсан чинь дэгээнээс нь лааз, хог гарч ирж буй зураг зураад нийтлүүлж. Тэгсэн мөнөөх зураг дээрх хоёр хүн Ю.Цэдэнбал, Андропов нартай адилхан болсон гэсэн гүтгэлэг “дээшээ” очжээ. Уг нь  гол бохирдолтой байгааг шүүмжилсэн аж.

Ийн шог зураач Ц.Байды уран сайхны редакторын хувьд Төв хороонд дуудагдав. Түүнээс “Загас барьж байгаа хоёр хүнээр Ю.Цэдэнбал, Андроповыг шүүмжилсэн үү” гэж асууж. Хариуд нь зурган дээрх хоёр хүн царай муутай, манай Ю.Цэдэнбал дарга бол хажууд нь сайхан царайтай хүн гэж хэлээд гадаад явах эрхээ хасуулжээ. Гэвч редакцаараа ярилцаад дээрх “хэрэг”-ийг тарьсныг нь Цогтбаярт хэлээгүй өнгөрсөн байна. Учир нь оюутан хүүхэд болохоор зурсан зургаас нь үүссэн асуудал ингэж өндрөө авсныг мэдвэл дахин шог зураг зурахаа больчихно, айчихна гэж боджээ. Харин Цогоо тэр явдлаас хойш тав орчим жилийн дараа НАХЯ-нд ажилладаг найзаасаа энэ бүхнийг сонсож.

1986 онд улс төрийн нөхцөл байдал хүндэрч цэрэгт явлаа. Армийн улс төрийн газраас зургаан хүний нэр өгсөн гэдгийг сүүлд мэджээ. Тэднийг хойд хөрш рүү сэтгүүлчээр сургуульд явуулж, цэргийн боловсон хүчин болгох гэж байж. Харин Цогоо “Би цэргийн хүн болохгүй. Зураачийнхаа ажилд л сонирхолтой” гэж хэлээд хоёр жил зургаан сар цэргийн албаа хааж халагдав.

Нийгэм солигдоход 1990 оноос хүн бүр ажил мэргэжлээ хаяж ганзагын наймаанд явсан. Хуучин нийгмийн үед жолоочоор ажиллаж байсан хүн бизнест ороод захирал ч болж байсан үе. Бусдын жишгээр Цогоо бизнест орсон ч ном хэвлэлээс ер салаагүй. Найзуудынхаа хамтаар байгуулсан “Хийморь” хэвлэлийн газрынхаа анхны захирлаар ажиллаж, дараа нь одоогийн MCS группын дэргэдэх “Интерпресс” хэвлэлийн компанийн захирлаар нь найм орчим жил ажилласан. түүний нэг сул тал барагтай бол хүнд үгүй гэж хэлж чаддаггүй.

Найзууд нь зориод очиход төлбөр мөнгө гэхгүй тасалбар болон бусад бичиг баримт, элдэв гуйлтыг хэвлэсээр өөрөө өрөнд ордог, төлбөр мөнгийг нь цалингаасаа хасуулдаг байв. Хурал, ажил хэрэг гэж явсаар зургаа зурах ч завгүй болж. Гэтэл санхүүгийн албаных нь ажилтан “Та алдартай зураач байсан юм билээ” гэхэд нэгэн дурсамж нь санаанд орж. Орон нутагт нутгийн иргэдтэй уулзах үеэрээ өөрийгөө танилцуултал “Ц.Байды, Цогтбаяр хоёрын зураг байнга хэвлэгддэг шүү. Чи чинь жаахан хүүхэд байна шүү дээ. Хүний нэр бариад байгаа юм биз дээ” гэдэг байж. Тэр үеээ эргэн дурсаж, өөрөөсөө урвасан мэт санагдан эргэж зургаа зурахаар ажлаа хүлээлгэн өгөв. Түүнийг ажлаа орхиход том компанийн ажлаасаа гарсанд нь гэр бүлийнх нь хүн, найзууд нь эсэргүүцээгүй ч гайхсан. Тэр үед урлагийн салбар тэр дундаа шог зураг орлого олох боломжгүй эрсдэлтэй салбар байж. Гэхдээ тэр харамсдаггүй. Учир нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулж байх үедээ Есөн хөлт цагаан сүлдний дэргэд “Хэрвээ би бизнесээр явсан бол Монголд байгаа тэр олон бизнесмэнүүдээс цойлж чадахгүй байсан. Харин урлагтаа эргэж ирсэн минь зөв байж гэдэгтээ бат итгэлтэй болжээ.

Сөрөг хүчний удирдагч

  1. Хүн бүр хувиараа болон бусадтай нэгдэж, ямар ч алагчлалгүйгээр өөрийн орны Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох болон олон нийтийн үйл ажиллагааг удирдан явуулахад үр дүнтэйгээр оролцох боломжтой байх эрхтэй.
  2. Мөн хувиараа болон бусадтай эвлэлдэн нэгдэж, Засгийн газрын байгууллага, агентлаг болон олон нийтийн үйл хэрэгт хамааралтай байгууллагуудад хүний эрх, эрх чoлooг хүндэтгэн биелүүлэх, хoхиүлэн дэмжих, хамгаалахад саад болж болох тэдний ажлын аль нэг талд анхаарлыг нь хандуулах, тэдний явуулж байгаа үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн санал, шүүмжлэл танилцуулах эрхтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйл

“Аль ч Засгийн үед “Тоншуул”-ынхан сөрөг хүчин байдаг” хэмээн соёлын гавьяат зүтгэлтэн, шог хошин зохиолч Шагдайн Цэнд-Аюуш хэлсэн удаатай. “Тоншуул”-ынхан гэдэг нь мэдээж редакцынх нь мэргэжлийн шог зураач нар шүү дээ.

Satso 1980-аад оноос авахуулаад 40 гаруй жилийн түүхийг шог зурагт буулгаж иржээ. Тэр сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхдээ эрх баригчдыг харлуулах бус хэт вакуумжсан тэднийг алдаагаа олж хараасай, засаасай, үүний үр дүнд нийгэмд сайн үр дүн нэгээр ч атугай нэмэгдээсэй гэсэн дээ өөрөөр хэлбэл олон нийтэд нөгөө талдаа Засгийн ажилд туслах гэсэн дээ шоглож зурдаг. Түүнийг дүрслэх урлаг, сэтгүүлзүй, хошин урлаг гэсэн гурван салбарт хамаатуулж ойлгож болно. Бүр түүний зурдаг улстөрийн шог зураг (political cartoon), цаашлаад улс төрийн шог зургийн тойм (editorial cartoon) сэтгүүл зүй, уран зохиол, хөгжмийн бүтээлд олгодог хамгийн нэр хүндтэй шагналын нэг Пулицерийн төрөлд багтдаг.

Мөн тэрбээр үргэлж гэрэл гэгээтэй, зөв талд байхыг хичээдэг, зорьдог, байсаар ч ирсэн. Энэ талаараа “Ингэх нь миний үүрэг. Хэрвээ тэгж чадахгүй бол би зодог тайлна” гэв. Учир нь түүний хэлснээр шог зураачийн харандаа маш хүчтэй зэвсэг. Энэ зэвсгээрээ хүний эрх зөрчигчийг шоолж, шүүмжилж болно. Харин хэзээ ч доромжилж болохгүй. Мөн олон нийтийн эрх ашгийн эсрэг худалдагдах, ашиг хонжоо авах нь мэргэжлийн шог зураачдын хэзээ ч давж болдоггүй ёс зүйн шугам аж.

Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч, хүндлэх ёстой.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйл

Монголд тогтмол бүтээл туурвиж байгаа гарын арван хуруунд хүрэхтэй үгүйтэй буюу маш цөөхөн шог зураач байгаа болохоор тэрбээр нэрийг нь дурдаад шог зургуудыг нь чөлөөтэй ашиглахыг зөвшөөрдөг. Гэтэл зургийнх нь текстийг өөрчилж ашигладаг оюуны бүтээлийг хүндлэх ёс зүйгүй өөдгүй нөхдүүд байдаг гэнэ.

Монголд өмнө нь шог зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсвэл ном бүтээлээр хүрдэг байсан. Өдгөө Өдрийн сонин, Үндэсний тойм тэргүүтэй хэвлэл тогтмол шог зургууд нийтэлдэг. Харин Satso сошиал шог зураг гэсэн шинэ төрлийг цаг үетэй уялдуулан гаргаж ирсэн. Хэн ч түүнийг ингэ гэж гуйгаагүй. Гэхдээ л тэр сошиал сувгуудаар тарсан олон нийтийн анхаарлыг татсан, дургүйцлийг хүргэсэн асуудлыг “халуун” дээр нь шог зурагт буулгаж, эрх нь зөрчигдөж буй хүмүүсийг хамгаалахын төлөө “Фэйсбүүк”, “Твиттер”, “Инстаграм” платформоор олон нийтэд хүргэдэг.

С.Цогтбаяр амьдралынхаа ихэнх өдөр хоногуудад жийнс, савхин хүрэм өмссөн гэдэгтэй түүнийг таньдаг, түүнтэй байнга уулздаг хүмүүс маргахгүй. Харин ажил хэргийн шаардлагаар болон баяр ёслолоор хослол, дээл өмссөн байлаа ч дотуур нь заавал “Rock n Roll” гэсэн бичигтэй, зурагтай подволк өмсдөг, рок гинжээ хэзээ ч хүзүүнээсээ салгадаггүй жинхэнэ хал үзсэн рок. Тэр хүүхэд, залуусыг, ер нь л бүх л хүнийг “Pink Floyd” сонс гэж уриалдаг. “Pink Floyd” сонсдог хүн гудамжинд нус цэр, хогоо хаяхгүй. “Pink Floyd” сонсдог хүн хараал хэлж, бусдыг дээрэлхэж гар хүрэхгүй. “Pink Floyd” сонсдог хүн индүүдлэггүй үрчийсэн хувцастай, угаагаагүй тоостой машинтай явахгүй гэж хэлсэн юм.

Түүнээс сул тал, муу зуршил бий юу гэж асуухад “Алкохол их хэрэглэдэг байсан. Алкохол их хэрэглэлээ гээд би агсан согтуу тавьдаггүй ч алкохолын хэрэглээ хувийн санхүү мөнгө, цаг хугацаа, эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй болохоор хэрэглэхээ болиод гурван жил болж байна. Ингээд хэлэхэд их амархан байгаа ч энэ урт удаан хугацаанд хэрэглэхгүй байх гэж маш их тэвчсэн. Ингэсний хүчинд муу зуршил, сул талаа ялсан” гэв. Түүний ярьсан өөр нэгэн тэвчээрийн түүх нь “Муу хүмүүс илүү баян болоод сайд дарга болоод үнэтэй гоё машин унаад байна гээд богино хугацааны үр дүнг хараад залуус тийшээ хазайх гээд байдаг. Тэвчээртэй байж тэдгээр ёс суртахуунгүй хүмүүс 60 жилийн дараа яаж үгүй болж, сүйрч байгаа урт хугацааны үр дүнг харах хэрэгтэй. Би ийм зүйлс олныг харсан” гээд “Тэвчих гэдэг бууж өгөх гэсэн үг огтхон ч биш” гэж хэлсэн юм. Тийм ээ түүнтэй ярилцсаны дараа бодох нээ тэвчих гэдэг бол бууж өгөхгүйгээр тэвчээртэйгээр тэмцэх гэсэн үг аж.

Хэн нэгэн түүний шог зургуудыг нэг үгээр илэрхийл гэвэл би эргэлзэх зүйлгүй “Pink Floyd” гэж хэлнэ. Хэрвээ түүний шог зургуудыг тогтмол үзвэл хүмүүс ёс зүй, хүний эрхийн илүү өргөн хүрээний ойлголт мэдлэгтэй болно, албан байгууллагын дарга мэргэжилтнүүд ч алдаа дутагдлаа олж харж, засна, элдэв асуудлыг шуурхай шийдэж, иргэддээ хүрч үйлчилж чадна гэхэд нэг их буруудахгүй байх.

Хүний эрхийн хамгаалагчид бол шударга бус байдлыг хараад түүний эсрэг ямар нэг зүйл хийхийг эрмэлздэг, өөрсдийн болон бусдын эрхийг хамгаалахын тулд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэд тайван аргаар тэмцдэг. Хүний эрхийн хамгаалагчид дэлхий даяар эерэг өөрчлөлт авчрах чадвартай байдаг.

Satso шог зургийн ертөнцөд сэтгэл зүйн гэж нэрлэж болохоор шинэлэг хэв маягтай уран бүтээлүүд туурвиж, гүн ухааны өнгө аястай уран сэтгэмжит зураасан зураг, дүрслэх урлагаар илэрхийлэх ид шидийн гэмээр шог мэдрэмж, сэдвийн өргөн багтаамж болон төгс зохиомж, өвөрмөц арга барилаараа онцгойрсон шог зургийн хамгийн алдартай, хамгийн амжилттай, нөлөө бүхий шог зураач, хүний эрх хамгаалагч-зоригтнуудын тэмцлийн түүхэн дэх хамгийн амжилттай, нөлөө бүхий хүний эрх хамгаалагч-зоригтон ажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нүдээр “сонсдог” “Pink Floyd”  
Үзсэн: 2383 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй