Шууд Chart

Шигшээ багийн тамирчид Ази, Номхон далайн орнуудын тэмцээнд оролцож чадахгүй боллоо

2021-04-06 09:07:00

Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрхийн оноо олгох Ташкентын Гранд Слам тэмцээнд оролцохоор өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хилийн чанадыг зорьсон. Улмаар энэхүү тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байр эзэлсэн билээ.

Гэвч Ташкентын Гранд Сламын дараа манай баг Гүржийн нийслэл Тбилиси хотыг зорьж, тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлийг хийсэн.

Энэ үеэр манай шигшээ багийн зарим тамирчнаас коронавирусний халдвар илэрч, Тбилисийн Гранд Сламд бүтэн багаараа оролцож чадаагүй.

Улмаар коронавирусний халдвар илрээгүй шигшээ багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож хоёр алт, хоёр хүрэл медальтайгаар багаараа гуравдугаар байр эзэлж тэмцээнээ өндөрлүүлсэн. Тбилист манай таван тамирчинд тэмцээний өмнөх өдөр короновирусний халдвар илэрснээр тусгаарлалтад орсон бөгөөд ямар нэг ноцтой шинж тэмдэггүй хэвийн байгаа аж.

Короновирусний халдвар илэрсэн манай баг Антальягийн Гранд Сламыг өнжөөд Кыргызстаны Бишкек хотноо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байв.

Гэсэн ч дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлаас болж, манай тамирчид өнөөдөр эхлэх Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

Учир нь, манай шигшээ багийн тамирчдаас дахин халдвар илэрсэн тул зохион байгуулах хорооны дүрмийн дагуу манай тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Манай шигшээ багийнхныг “Токио2020” олимпын эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ багийн тамирчид Ази, Номхон далайн орнуудын тэмцээнд оролцож чадахгүй боллоо  
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй