Шууд Chart

Энхийн цагт эр цэргүүд амиа алдсаар байх уу?

2021-04-06 11:27:10

Хүүгээ алдсан олон олон ээжийн нулимс хатаагүй байхад дахин нэг цэрэг харамсалтайгаар амиа алдлаа. Эх орноо манахаар ээж аавдаа үнсүүлэн цэрэгт морьдсон залуусын халуун амь тасарчээ.

Баримт 1:  2018 онд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэрэгт татагдсан залуу цэргийн дэглэлт даалгүй нас барсан.

Баримт 2: 2019 оны 1-р сарын 22-нд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч нас барсан.

Баримт 3: 2019 оны 5-р сарын 14. Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу дунд чөмөг хугарч, хагалгаанд орсон.

Баримт 4: 2020 оны 3-р сарын 3. Дорнод аймгийн хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсон.

Баримт 5: 2020 оны  9-р сар. Хилийн цэргийн 032 дугаар ангийн хал цэргүүд шинэ цэргүүдтэй дүрмийн бус харилцаж, дэглэсэн бичлэг цацагдсан.

Баримт 7: 2021 оны 2-р сарын 7. Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн алба хаагч амиа хорлосон байдалтай олдсон.

Баримт 8: 2021 оны 3-р сарын 30. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож амь насыг нь бүрлэгсэн.

Одоогоор олдсон хөдөлшгүй цөөн баримт энэ. Дараалал цааш уртаас урт үргэлжилнэ. “Онц чухал хаалттай” объект гэх нэрийн дор эрүүгийн гэмт хэрэг цэргийн ангиудад гарсаар байх уу? Үүнд хэзээ цэг тавих вэ? гэдэг асуултад олон нийт хариулт авахыг хүсэж байна.

Цэргийн албан хаагчид нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр захирах, захирагдах ёсыг чанд сахиж, албан үүргээ гүйцэтгэгдэг онцлогтой. Гэвч энэ харилцааг хэрэгжүүлэх явцад хугацаат цэргүүдтэй дүрмийн бус харьцах, дэглэх, хүч хэрэглэх, доромжлох зөрчил гарч байна. Хүний эрхийн ийм ноцтой зөрчлийг захирах, захирагдах ёсны дор нууж болохгүй. Хүний амь нас хохирсон, эрэмдэг болсон баримтууд ил болдгоос бусад зөрчил далд нууц байхыг үгүйсгэх аргагүй. Ихэвчлэн түрүүч, офицер, ахлагч нарын зүгээс зоддог, хүч хэрэглэдэг, мөн дарамталдаг, айлган сүрдүүлэх авир гаргадаг гэж байлдагчид нэг бус удаа хариулсан байдаг. Энэ баримт Хүний эрхийн үндэсний комиссод бий. Тодруулбал, радио холбооны станцаар цахилгаанд цохиулах, цээжин дээр нь буу цэнэглэх, хугацаа зааж “биелүүлэх боломжгүй” даалгавар өгөх, элэгдэх, бакалдах, хоолой боох, идэр есийн хүйтэнд цасан дээр хөл нүцгэн зогсоох зэргээр дэглэдэг.

Батлан хамгаалах салбарын удирдах албан тушаалтнууд дүрмийн бус харилцааг илрүүлэх, арилгахад дорвитой ажил эхлүүлээгүй байгааг сүүлийн баримтаас харж болно. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ганзоригт 3 дугаар сарын 2-ны өдөр албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “зэвсэгт хүчний ангиудад дүрмийн бус харилцаа, дэглэлт байна. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулах талаар дурджээ. Гэвч харамсалтайгаар хугацаат цэрэг 2021 оны 3 дугаар сарын 30-н шөнө амь насаа алдлаа гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд ярилаа.

Бидний өгсөн шаардлагын мөрөөр чухам юу хийсэн бэ? гэдэг асуудал бүрхэг байна. Учир нь тус газраас тайлбар, мэдээлэл ирээгүй гэж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Энхболд онцолсон юм. 

Цэргийн ангид гарсан гэмт хэрэг, зөрчлийн улмаас амь насаа алдсан эр цэргийн тоо өссөөр л байна. Шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн удаа хэдэн цэрэг эрс эндэхийг хэн ч хэлж мэдэхгүй нөхцөл байдал үүслээ. Даргын ширээнд тухалсан албан тушаалтнууд нөгөө л нэг улиг болсон тайлбар хийж, цэргийн ангид хэрэгждэггүй хууль, түүнийг дагаж гаргасан дүрэм, журам ярина. Угтаа бол даамжирч угжирсан дүрмийн бус харьцаа нь цэргийн байгууллагад “эрүүгийн гэмт хэрэг” гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн хэвээр байна. Зарим цэрэг хэнд, хэзээ, хаана, яаж зодуулснаа ч хэлэхийг хүсдэггүй гэнэ. Дарамтад өртсөн цэргийг хамгаалах арга хэмжээ авдаггүйгээс цэргийн албан хаагчид эрхээ хамгаалах боломжгүй болжээ гэж дүгнэж болохоор байна. Энэ нь “Армид ольсон цэрэг, оргосон цэрэг сайнаа үздэггүй” гэсэн хүний ёсноос гажууд зарчим үйлчилдэгтэй холбоотой гэж цэргийн алба хаасан эрчүүд ярьдаг.

Хүнийг үхтэл зодчихоод эцэг эхэд нь таван жилийн цалинтай тэнцэх мөнгө өгч, оршуулгынх нь зардлыг даана гэж яриад сууж болохгүй. Хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцсоноор асуудлыг шийдлээ гэж харвал эндүүрэл. Яг ийм зарчмаар явж ирсэн учраас өнөөдөр ч албан тушаалтнууд улиг болсон нөгөө л тайлбараа хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Б.Амгаланбаатар ярилаа. Хэргийг цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад Салаан захирагч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогчийн биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Иймээс салаан захирагчид таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Шат шатны албан тушаалтнууд хариуцлага хүлээхэд бэлэн байна гэх сүржин мэдэгдэл хийдэг, хийсээр ч ирсэн. Гэвч “хариуцлага хүлээнэ, хүлээлгэнэ” гэх хуурай үгний цаана энэ төрлийн гэмт хэрэг гаарсаар байгаа нь юутай холбоотой вэ? Үе үеийн Салбарын сайд дэг журам тогтооно, дүрмийн бус харилцааг хална гэж хэлсэн ч ам ажил хоёрын зөрүүг алтан амиа өргөсөн хугацаат цэргүүдийн баримт гэрчилнэ. 

2021 оны 3 дугаар сарын 30. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Б-г салаан захирагч, дэслэгч Г согтуудаа зодож амь насыг нь бүрлэгсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд дуу хоолойгоо илэрхийлж, эсэргүүцэл илэрхийллээ. Тэдний нэг иргэн Г.Мөнхжаргал “Би хүүгээ цэрэгт явуулж чадахгүй, эмээж байна” гэсэн юм.

Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарсан зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон гэж танилцуулсан байна. Батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэргүүд 2019 оноос хойш 12 удаа гарсан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хатуу сануулж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэл өгөөд байна. Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулах шийдвэр гарсан юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр.

Зэрэгц гэсэн командын дор чимээгүй яргалуулсаар байх уу? Ирээдүйд цэрэг болох, эх орныхоо хилийг манах та бидний үрсэд дэглэм, яргагүй цэргийн алба хэрэгтэй байна...Батлан хамгаалах салбарын удирдлагууд аа. Орчин үеийн залууст зориулсан шинэ тогтолцоо цэргийн салбарт үгүйлэгдсээр байгааг олж хараач. “Ийм л байсан” гэх хуучин нийгмийн балмад, хэрцгий, хүн ёсноос гажууд дэглэмийн аргаа халаач гэж иргэд шаардаж байна.

Нийтэлсэн: Ж.Золзаяа

Энхийн цагт эр цэргүүд амиа алдсаар байх уу?  
Үзсэн: 665 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй