Шууд Chart

АНУ болон Иран олон улсын зуучлалаар Венад шууд бус хэлэлцээ эхлэлээ

2021-04-07 11:30:09

Австрийн Вена хотод Америк, Ираны хооронд шууд бус хэлэлцээ энэ сарын 06-ны өдөр эхлэлээ. Өөрөөр хэлбэл Америк, Ираны төлөөлөгчид хэлэлцээнд шууд оролцохгүй, зөвхөн хэлэлцээг амжилттай болгох зорилготой Европын холбоотой тэргүүтэй зуучлагч улсын төлөөлөлтэй тус тусдаа уулзаж байгаа юм байна.

Энэ нь Тегеран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан 2015оны цөмийн гэрээний эрхзүйн чадамжийг хадгалахын төлөөх хүчин чармайлтын хүрээнд болж байгаа уулзалт юм.

Шууд бус хэлэлцээг Европын холбоо болон бусад зуучлагч орнууд зохион байгуулж байгаа юм. Европын холбооны зуучлалаар Цөмийн гэрээний бусад талууд болох Иран, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 4 гишүүн, нэмэх нь Герман энэ сарын эхээр цахим уулзалт хийж, Америкийг гэрээнд эргэн нэгтгэхэд нааштайгаар нөлөөлөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. 2015 онд Орос, Хятад, Британи, Америк, Франц, Герман Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, хариуд нь олон улсын хоригийг цуцлах нөхцөлтэйгөөр Тегерантай цөмийн гэрээг байгуулсан.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2015оны цөмийн гэрээнээс Америкийг гаргаж, Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээсэн юм. Харин Байден Америкийн төрийн эрхийг авахдаа цөмийн гэрээнд эргэн нэгдэж, Ираны цөмийн хөтөлбөрийг олон улсын хязгаарлалтад оруулах нь нэн тэргүүний зорилт гэж зарласан. Гэвч Иран эхлээд хоригоо цуцал гэдэг шаардлага тавьж, уран баяжуулалтаа нэмэгдүүлэх замаар Америкийг эсэргүүцэж байна.

Ираны засгийн газрын өндөр албан тушаалтны мэдээлснээр Америкийн талаас цөмийн гэрээг сэргээх чиглэлд ахиц гаргах саналыг Тегеранд тавьсан юм байна. Вашингтон гэрээнээс гарснаас хойш Америк Ираны хооронд цэрэг зэвсгийн хурцадмал байдал нэмэгдсэн. Венийн энэхүү шууд бус хэлэлцээ хоёр тал харилцаагаа сайжруулах, гэрээг хэрэгжүүлэхэд чухал алхам болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ираны цөмийн гэрээг хадгалах талаар шинэ хэлэлцээ эхлүүлж байгааг сайшаажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ болон Иран олон улсын зуучлалаар Венад шууд бус хэлэлцээ эхлэлээ  
Үзсэн: 197 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй